Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-07-07 15:13:11

ТОКИО. /TASS/. Японы баруун өмнөд хэсэгт орших Кюшю арал дээр ширүүн бороо орж байгаатай холбоотойгоор нүүх зөвлөмж авсан оршин суугчдын тоо 1.28 сая болж нэмэгдлээ гэж NHK телевиз мэдээлжээ.


Кумамото, Нагасаки, Оита, Фүкүока мужийн хэд хэдэн хотын иргэдэд нүүх зөвлөмж хүргүүлжээ. Өмнө нь 200 мянган хүнд орон гэрээ орхиж, нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү нүүхийг зөвлөсөн гэж мэдээлж байв.


Кюшю аралд ширүүн бороо гурав дахь өдрөө үргэлжлэн орж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд зарим газарт 200 гаруй мм хур тунадас орж, гол мөрний ус эргээсээ хальсны улмаас орон сууцууд үерт автжээ. Байгалийн гамшигт Күмамото муж хамгийн их өртсөн байна. Японы Хөдөө аж ахуйн яам Кюшю арлын оршин суугчдад тусламж болгон 100 мянган хүнсний багц илгээхээр шийдвэрлэжээ.


Байгалийн гамшгийн улмаас 52 хүн амиа алдаж, 14 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Одоогийн байдлаар 6000 орчим байшин, 22 эмнэлэг гэрэл цахилгаангүй байна.


Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Өөрийгөө хамгаалах хүчний 10 мянга орчим цэргийг гамшгийн бүс рүү илгээжээ. Японы Засгийн газрын тэргүүн мөн коронавирусний халдвар тархах эрсдэл хэвээр байгаатай холбогдуулан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээний дагуу зохион байгуулна гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ