МАН: Сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүч түрэн будлиантуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-12 18:29:30

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийн асуудлаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд "СЕХ-ноос өргөн барьсан шийдвэрийн төслийг хэлэлцэх үед АН-ын бүлэг, түүний ажлын хэсэг гэх дөрвөн нөхөр СЕХ-ны оруулж ирсэн саналыг ихээхэн өөрчилж, будлиантуулж, өөрсдөдөө ашигтай хуваарилалт хийлээ. Тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзан үзэлгүй тойргын тоог нэмэх, адил тэнцүү бишээр тогтоох зэрэг будлианаа ирцийн олонхиор хүч түрэн шийдвэрлэлээ. Эрх баригчид, АН-ыг тойрог, мандатыг хуваарилсан энэ шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АН-ын гишүүд айж, ичихээ больжээ. 4 жилд нэг болдог сонгуулийг АН-ын сонгуулийн сунгалт болгох гэж байгаад харамсч байна. АН-ын 4 гишүүн буюу Р.Гончигдорж, Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин гэсэн нарын саналаар мандатын тоог хуваарилах зарчмыг эвдэж өөрсдөдөө таалагдсан хувилбараар оруулж ирж байгаад харамсч байна. Сонгуулийн зарчим алдагдсан ганцхан хишээ нь Өвөрхангай аймаг. Тус аймгийн 86 хувь нь нэг тойрог болсон. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг засаг захиргааны ижил тэнцүү байдлыг огтхон ч харгалзан үзсэнгүй. Ховд аймаг гэхэд нэг тойрогт 20 мянган сонгогч байхад нөгөө нь 12 мянган сонгогчтой байгаа нь тэгш бус юм. Үүнийг бид шүүмжилж, засахыг шаардаж байна” гэлээ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ