60,000 ширхэг модонд дуслын усалгааны систем суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-10 10:00:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Мандалговь хотын “Монгол-Гуяны аз жаргалын төгөл”-д суурилуулсан дуслын усалгааны системийг ажиллуулж нээлтээ хийлээ.

Энэхүү үйл ажиллагаанд тус аймгийн удирдлагууд, холбогдох агентлаг, хэлтсийн алба хаагчид “Ногоон Ази” ТББ-ын ажилтнууд, аз жаргалын төглийн ажилчид оролцсон.

БНСУ, Монгол Улсын хамтын ажиллагаа, Дундговь аймаг болон Гуян хотын нөхөрлөл, түншлэлийн хүрээнд “Монгол-Гуяны аз жаргалын төгөл” байгуулах ажил 2009 оноос эхэлж, 2019 он хүртэлх 10 жилийн хугацаанд 100 га талбайд 100,0 мянган ширхэг мод тарьж, 76,5 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Аймгийн ОНХС-гийн 119,5 сая төгрөг, БНСУ-ын Гуян хотын 180,0 сая воны хөрөнгө оруулалтаар нийт модныхоо 60 хувьд буюу 60,000 модонд ийнхүү дуслын усалгааны систем суурилуулсан байна.

Ингэснээр бороо, хур цөөвтөр ордог говь нутагт модны ургалтыг сайжруулах, усны алдагдалгүйгээр хөрсөн дороос нь үндсийг нь услах ач холбогдолтой аж.

“Монгол-Гуяны аз жаргалын төгөл” нийт 10 хэсэг талбайгаас бүрддэг. Эдгээр талбайд 14 хүн ажилладаг ба өмнө нь бүх модоо хувингаар ус зөөж усалдаг байжээ. "Харин одоо бол бидний хөдөлмөрийг маш их хөнгөвчилж өглөө, “Ногоон Ази” ТББ-ынхан энэ системийг өөрсдөө ирж угсарч, бид нарт зааж өгсөн, байнга зөвлөгөө өгдөг, гурван цаг болоход л 60,000 ширхэг мод зэрэг услагдана гэхээр их сайхан байна" хэмээн тус төглийн ажилтан Ш.Өлзийцэцэг тайлбарлалаа.

Талбайн ажилчдынхаа орлоыг нэмэгдүүлэх зорилгоор тус талбайд дөрвөн хүлэмж барьж, дотор нь тарвас тарьжээ. Тарвас нь чийглэг газарт бус хуурай орчинд илүү ургадаг бөгөөд, амт, чанар сайтай байдаг аж.

Тус талбайг бордоход бууц, бага зэрэг химийн бордоо ашигладаг ажээ. Харин Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Хан дээж” ХХК-ийн аймагтаа үйлдвэрлэж байгаа “Шимт бор” хөрсний бордоог ашиглаж үзэхийг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ