ЭМЯ: Олон улсын аялал нэг хувиар нэмэгдэхэд нас баралт 1.4 хувиар өсөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-10 13:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман, Австрали улсын эрдэмтэд олон улсын  аялал болон цар тахлын холбоо хамаарлын тухай судалгаа хийжээ.  Уг  эдийн засгийн судалгааны  үр дунд гадаад аяллын тоо нэг хувиар нэмэгдэхэд, коронавирусний халдвар 1.2 хувиар, нас баралтын тоо 1.4 хувиар нэмэгдэж байгааг тогтоосон байна. Энэ талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Дэлхий дахинд энэ сарын 7-ны байдлаар коронавирустэй холбоотой 42142 эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэгджээ. Мөн 2490 эмнэл зүйн туршилт судалгаа явуулснаас 184 нь дуусчээ. “COVID-19” халдварын эсрэг 161 вакцин бүтээх туршилт хийж, 21 вакцин эмнэл зүйн туршилт судалгаа хийх зөвшөөрөл авсан байна. БНХАУ-ын “Синавак” эмийн үйлдвэрийн SARS өвчний  үед туршиж байсан вакцин, Их британи улсын Оксфорд их сургуулийн эрдэмтэд MERS, сүрьеэ, томуу өвчний эсрэг үйлчилгээтэй хоёр вакцин эмнэл зүйн гуравдугаар шатны туршилт судалгаанд оржээ.

 

Иран улсын Тихраны анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд коронавирус халдвар зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй нарийн, бүдүүн гэдэс, арьс, зүрх, тархи зэрэг эрхтэнийг гэмтээдэг болохыг баталсан байна. АНУ-д коронавирусээр халдварласан 38 настай эрэгтэйд тулгуур булчингийн эд доройтох хам шинж илэрсэн. Иймд эрдэмтэд коронавирусны булчинд үзүүлэх нөлөөг лавшруулан судлах юм байна.

 

Лондонгийн Био-Анагаахын судалгааны төвийн эрдэмтэд коронавирусээр халдварласан 406 793 өвчтөнд судалгаа хийхэд багтраа өвчтэй иргэд 17.9 хувийг эзэлжээ. Багтраа өвчтэй иргэд коронавирусээр халдварлаж, хүндрэх тохиолдол элбэг байгаа аж.

 

Кембрижийн их сургуулийн эрдэмтэд эхийн эхэс болон хөхний сүүнээс коронавирус илрээгүйг тогтоон, нярай хүүхэд коронавирусээр өвчлөх тохиолдол маш ховор хэмээн үзжээ.  

И.Даваадорж 

Холбоотой мэдээ