Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан гурван иргэнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-12 12:03:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад шинэ коронавирусний халдварын гурван тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр иргэн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.  

 

Эдгэрсэн иргэд нь ОХУ-аас ирсэн оюутнууд бөгөөд  20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлүүлжээ. Харин энэ сарын 6-нд Алтанбулаг боомтоор нэвтэрч,  Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 21-22 насны гурван иргэнд шинэ коронавирусний халдвар илэрчээ. 


Ийнхүү манай улсад нийт 230 тохиолдол бүртгэгдэж, 202 иргэн эдгэрлээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 25 өвчтөний биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. Мөн халдвар авсан иргэд дотор нэг жирэмсэн эмэгтэй, чихрийн шижин өвчөн байгаа аж.


Улсын хэмжээнд, өчигдөр гурван лабораторид 377 сорьцид шинжилгээ хийжээ.  Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлаж байсан 3, ажиглах байранд тусгаарласан 40 хүнд шинжилгээ хийсэн бол 252 иргэнийг давтан шинжилгээнд хамруулсан байна. Дархан-Уул аймагт тусгаарласан 65 иргэн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 15 жолоочоос шинжилгээ авчээ. Мөн хүн амын дунд халдвар байгаа эсэхийг тандах зорилгоор нийслэлийн 3 иргэнийг шинжилжээ.


И.Даваадорж 

Холбоотой мэдээ