Д.Нямхүү: Наян настай эмэгтэй эдгэрч хяналтад шилжлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-07-13 11:48:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан 80 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлэн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр мэдэгдлээ. 


Тэрээр, "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд, 3 лаборатори нийт 143 хүний сорьцод коронавирусний шинжилгээ хийхэд халдварын тохиолдол илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд тусгаарласан 134 хүний давтан  шинжилгээ, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн тээврийн 9 жолоочоос шинжилгээ авсан. Манай улсад өнөөдрийн байдлаар 230 тохиолдол бүртгэгдсэнээс 203 хүн эдгэрч, дараагийн хяналтад шилжсэн. ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байна. Өчигдөр шөнө Афганистан улсаас ирсэн 62 энхийг сахиулагчаас өнөөдөр шинжилгээ авна. Энхийн сахиулагчдийн 2 нь ХӨСҮТ-д, 1 нь Цэргийн төв эмнэлэгт, 69 нь Бага баян амралтын газарт байна" гэв.


Улсын хэмжээнд тусгаарлах болон ажиглах байранд одоо 2774 хүн байгаа бөгөөд 44 их эмч, 72 резидент эмч, сувилагч үйлчилж байна.

И.Даваадорж

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ