Аймгийн төвөөс хойд чиглэлд орох гарах хөдөлгөөнийг түр хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-15 15:15:01

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд Увс аймагт их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ өглөө шуурхай хуралдаж, аймгийн төвөөс хойд чиглэлд орох гарах хөдөлгөөнийг түр хаах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Улаангом-Хандгайт чиглэлийн авто замд буюу Түргэн сумын Урт сайр болон Шургадгийн сайрын гүүрийн дамжих хавтан үерийн усанд унасан байна. Ингэснээр аймгийн төвөөс Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн сум чиглэлийн автозам хаагдаад байгаа юм.     

Мөн Гашууны голын гүүр засвартай байгаа энэ үед тус гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болоод байна. Гашууны гол дээр аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч ажиллан аймгийн төвөөс орж гарж байгаа автомашинуудыг трактороор чирч гаргах, үерийн усыг боох, зайлуулах ажлыг энэ сарын 14-ий өдрөөс эхлэн хийж байна.

Иймээс ард иргэдийг анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй бол хол ойр зорчихгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Үерт урссан зам, гүүрүүдийг засварлах ажлыг мэргэжлийн байгууллагууд хариуцан хийж байна.

Холбоотой мэдээ