“Huawei” компанийн “5G” сүлжээний төхөөрөмжийг Их Британид хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-15 15:10:54
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /ВВС/. Их Британийн үүрэн холбооны компаниудыг “Huawei” компанийн “5G” сүлжээний төхөөрөмж худалдан авахыг хориглосноос гадна ийм төхөөрөмж ашигладаг компаниуд 2027 он гэхэд тэдгээрийг хэрэглээнээсээ халахыг үүрэг болгожээ.


Их Британийн парламентын Нийтийн танхимын гаргасан энэхүү шийдвэрийг тус улсын Дижитал, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, спортын сайд Оливер Довден танилцуулсан байна.


БНХАУ-ын “Huawei” компани манай үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн АНУ тус компанид хориг арга хэмжээ авсны дараа Их Британи дээрх шийдвэрийг гаргалаа.


“Энэхүү шийдвэр Их Британийн “5G” сүлжээний хөгжлийг нэг жилээр ухраагаад зогсохгүй шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд бид 2 тэрбум еврогийн зарлага гаргана. Ийм шийдвэр гаргахад хүнд байсан хэдий ч энэ нь Их Британийн үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, үүрэн холбооны компаниудын төлөөх зөв шийдвэр юм” хэмээн Оливер Довден мэдэгджээ.


“5G” сүлжээ нь интернэтийн өндөр хурд, утасгүй холбогдох төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай юм. 


Холбоотой мэдээ