Коронавирусээр халдварласан нийт 209 хүнийг эмчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-16 11:48:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварласан хоёр иргэн өчигдөр буюу энэ сарын 15-нд эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж  байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тодруулбал, ОХУ-аас ирсэн 20 настай эмэгтэй 48 хоног, Нурсултанаас ирсэн 30 настай эмэгтэй 34 хоногийн дараа эмнэлгээс гарч байна. Ингэснээр манай улсад бүртгэгдээд буй коронавирусний 261 тохиолдлоос 209 нь эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-д 52 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй өвчтөнүүдийн 51-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1 нь хүндэвтэр байгаа аж.


Улсын хэмжээнд өчигдөр 184 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, энэ сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 144 иргэний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүнд коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд тусгаарлагдсан таван иргэн,  идэвхтэй тандалтын зорилгоор нэг хүн, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 31 жолооч халдваргүй гарчээ. 


И.Даваадорж

Холбоотой мэдээ