БНХАУ Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-07-24 16:31:58

ХӨХ ХОТ. /Xinhua/. БНХАУ үнэ төлбөргүй мэс засал хийх, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг Монгол Улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөө өргөжүүлнэ гэж пүрэв гарагт цахимаар баталсан хэлэлцээрүүдэд тэмдэглэжээ.


“БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Өвөр Монголын өөртөө засах орон дахь салбар болон Монголын Улаан загалмай нийгэмлэгийн байгуулсан хэлэлцээрүүдэд тулгуурлан БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Өвөр Монгол дахь салбар Монголд дахин нүдний болор солих 2000 мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр боллоо” гэж тус салбарын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ван Фан мэдээлсэн байна.


“Мөн нүдний эмч, мэргэжлийн хараа зүйч зэрэг 50 мэргэжилтэн, анхны түргэн тусламжийн 500 ажилтныг нэмж бэлтгэнэ. Түүнчлэн зүрхний төрөлхийн эмгэгтэй, монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс заслыг үргэлжлүүлэн хийнэ” гэж тэрбээр хэлжээ.


2019 онд байгуулсан өмнөх хэлэлцээрүүдэд тэмдэглэснээр, тус салбар ирэх таван жилд нүдний болор солих 1000 мэс засал, зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, анхны түргэн тусламжийн 500 ажилтныг бэлтгэх байсан ажээ.


Өнөөдрийн байдлаар 310 нүдний болор солих мэс заслыг үнэ төлбөргүй хийж, анхны түргэн тусламжийн 100 ажилтныг бэлтгэжээ. Мөн зүрхний төрөлхийн эмгэгтэй 43 хүүхэд Өвөр Монголын Ардын эмнэлэгт үнэ төлбөргүй мэс засал хийлгэсэн байна. 

Холбоотой мэдээ