Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-25 22:33:47

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Улиастай суманд өнөөдөр буюу 7-р сарын 25-ний өдрийн 21.00 цагаас эхлэн орох гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан тухай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал Улиастай сумын Чигэстэй багийн иргэн 39 настай эрэгтэй Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэн байна. Одоогоор халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй.  Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ.

Шинжилгээг өнөөдөр 15:00 цагт авсан бөгөөд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид шинжилгээ хийж байна. Шинжилгээний эхний хариу 48 цагийн дараа гарна.

Тиймээс иргэдийг олуулаа нэг дор цуглахгүй, тарвага агнахгүй. Тарваганы мах идэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг сайтар сахихыг уриалж байна.

 

Үүнтэй холбоотой өнөөдөр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал аймгийн Цагдаагийн газраас нэгдүгээр хавьтлын 9 хүнийг гэрийн тусгаарлалт, хяналтад авах.

Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах.

Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 7-р сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.  

Холбоотой мэдээ