Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-27 13:42:02

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд оны эхний хагас жилд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, гаралт, тэдгээрийг бууруулах чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас сэтгүүлчдэд өглөө.

Тус аймагт 2020 оны эхний хагас жилд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсжээ. Үүнээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг хоёр бүртгэгдсэн байна. Харин хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг зургаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс энэ төрлийн гэмт хэрэг 25 хувиар буурсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурсан нь иргэдэд өгсөн заавар зөвлөмж, хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүлийн үр дүн гэж харж байгаа гэв. Мөн хууль бус мод бэлтгэлийн торгууль өндөр болсон. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсантай ч холбоотой ажээ.

 

Цагдаагийн газраас 6700 гаруй зөрчлийг илрүүлжээ

Завхан аймгийн хэмжээнд гарсан, гэмт хэргийн улмаас 527.0 сая төгрөгийн хохирол  учирчээ.

Тус аймагт хагас жилийн байдлаар 137 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 36.5 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Харин 44.5 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлжээ.

Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 8.7 хувиар өссөн байна. Эхний хагас жилд гэмт хэргийн улмаас таван хүн нас барж, 25 хүн гэмтэж бэртжээ. Оны эхнээс өссөн дүнгээр Цагдаагийн газраас 6769 зөрчлийг илрүүлсэн байна. Харин 221 хүн эрүүлжигдэн, 135 хүн баривчлагдсан байна. Энэ тоог өнгөрсөн онтой харьцуулахад гарсан зөрчил, баривчлагдсан хүн, эрүүлжигдсэн хүний тоо тус тус нэмэгдсэн байгаа талаар аймгийн Цагдаагийн газар мэдээлэв.

 

Тарваган тахлын голомттой бүс нутгуудад эргүүл хийж байна

Аймгийн Цагдаагийн газраас тарваган тахлын голомттой нутгуудад хамтарсан эргүүл шалгалтыг тавдугаар сараас эхлүүлэн тогтмол хийж байна.

Тухайлбал Эрдэнэхайрхан сум дахь цагдаагийн хэсэг, Байгаль орчны тасаг хамтран байгалийн үзэсгэлэнт газар болох Мухартын гол, Улаагчны хар нуур зэрэг газраар байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ үеэрээ байгаль орчинд хог тарихгүй байх. Тарваган тахал өвчний голомттой бүс нутгаас хууль бусаар тарвага агнахгүй байх. Тарваганы мах худалдан борлуулахгүй байх талаарх сэрэмжлүүлэг санамжийг аялагч, амрагч болон 670 гаруй иргэнд өгчээ. Мөн Цагдаагийн газраас тарваган  тахал гарч болзошгүй Тосонгийн ам, Мөсөнгийн ам, Намын даваа гэх мэт газруудад “Тахал аюултай” гэсэн самбар байрлуулан ажиллажээ.

Түүнчлэн аялагч, амрагчдад байгальд хөлийн мөрөөс өөр юу ч битгий үлдээ гэсэн уриалгыг өгч аялж амарч явахдаа хогоо хогийн саванд хийх. Нэгдсэн хогийн цэгт хог дүүрсэн тохиолдолд хогоо аваад явахыг сануулжээ. Харин Сантмаргаз сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид Баяннуур, Холбоо нуур, Галуутайн голын эргээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж гол усны аюулаас урьдчилан сэргийлэх. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах. Нуур голын сав газар ил задгай бие засахгүй, автомашин угаахгүй, хог хаяхгүй байх талаарх санамж зөвлөмжийг хүргээд буй тухай аймгийн Цагдаагийн албанаас тус тус мэдээлэв.

 

Өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав

Завханы Цагдаагийн газраас хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг иргэдэд уриалав.

Учир нь өсвөр насны хүүхдүүд шөнө оройн цагаар ямар ч зорилгогүй сэлгүүцэж, бие биеэ уруу татан согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх. Улмаар хоорондоо маргалдаж, зодолдох, гэмт хэргийн хохирогч болох эсвэл гэмт хэрэгт холбогдох явдал гарч байна.

Иймээс эцэг эхчүүд хүүхдийг шаардлагагүй тохиолдолд оройн цагаар гаргахгүй байх. Ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь хянах, их хэмжээний мөнгө төгрөг өгөхгүй байх. Танихгүй хүний машин тэргэнд суулгаж хөдөө орон нутаг руу явуулахгүй байхыг анхааруулж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг энэ жил хэд хэдэн удаа гарсан байна.

Түүнчлэн сүүлийн үед иргэд цахилгаан хэрэгсэлтэй болгоомжгүй харьцсанаас болж эд эрхтнээсээ салах, түлэгдэх, гэмтэх асуудал гарч байна.

Иймд ялангуяа бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр цахилгаан плитк, халуун тогоо, пийшин, зуухны дэргэд үлдээхгүй байхад нийт эцэг эхчүүд анхаараарай. Мөн гар утсаа цэнэглэж байх үедээ утсаараа оролдохгүй байх, утсаар ярихгүй байхыг онцгойлон анхааруулж байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас дуулгав.

 

Авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гарчээ

Завхан аймгийн хэмжээнд 2020 оны эхний хагас жилд нийт 137 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 62 бүртгэгдсэн нь 3.2 хувиар буурчээ. Харин үүнээс хувийн өмч хулгайлах гэмт хэрэг 32 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр хэргээр өссөн байна. Мөн авто тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гурван хэргээр өссөн байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Цагдаагийн газраас анхааруулж байна. 

Амралт зугаалгын улиралтай холбоотой иргэд орон байраа эзэнгүй орхиж байгаа. Энэ өдрүүдэд хэсэг хүн баярлан хөөрч, алгаа ташдаг нь орон байрны хулгайчид юм. Жил бүрийн зургаадугаар сар гарав уу үгүй энэ төрлийн гэмт хэрэг ихэсдэг. Гэтэл иргэд сонор сэрэмжээ сайжруулахгүй, харин ч тэдэнд улам их боломж олгосоор байна. Ялангуяа иргэд олон нийтийн сүлжээнд хаана аялж, зугаалж байгаагаа өдөр, цаг, минут бүрээр зарлаж нэг нэгэндээ гайхуулдаг болсон. Гэтэл энэ нь таныг гэртээ байхгүй гэдгийг хулгайч нарт мэдэгдэх нэгэн том сэжүүр, гэмт этгээдүүдэд өгөөш болж байна. Сүүлийн үед орон байрны хулгайчид айлаа сайн судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлддэг болсон. Тиймээс иргэд цахим орчныг зөв ашиглаж сурах хэрэгтэй байна. Удаан хугацаагаар гэр, орон байраа орхиж явах гэж буйгаа олон нийтийн сүлжээнд зарлахгүй, өөрсдийн байршлыг дэлгэхгүй байхыг хүсэж байна гэв.


Хөршийн холбоогоо сайжруулах нь гэмт хэргээс хамгаалж чадна гэв

Иргэдийг өөрийн үнэт зүйлээ бусдад танилцуулах байдлаар цахим орчинд байршуулахгүй байх нь хулгайн гэмт хэргээс хамгаална гэж мэдээллийн үеэр цагдаагийн газраас дуулгав.

Бусдад танилцуулах байдлаар өөрийн гэр дэх эд зүйлс, алт мөнгөн хэрэглэл, хөөрөг, үнэт эдлэлийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах нь гэмт этгээдүүдэд сэжүүр болдог байна. Нэгдүгээрт иргэд орон гэрээ аль болох удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахгүй, хаа нэг тийшээ явахаар бол хамаатан садан, найз нөхөд, хөрш, саахалт айлдаа сайн захиж, эргэж тойрч байх хэрэгтэй.

Айлууд хөршийн холбоогоо сайжруулах нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ач холбогдолтой. Гэрээ эзгүй орхихдоо хөршдөө холбоо барих утасны дугаараа үлдээх хэрэгтэй. Энэ нь дан ганц хулгайн гэмт хэргээр зогсохгүй, үер ус, гал түймрийн аюул боллоо гэхэд шуурхай гэрийн эзэнд нь мэдэгдэж учрах эрсдэлээс сэргийлэх, хохирол багатай даван туулахад тань тусална.

Хоёрдугаарт, оршин сууж байгаа газартаа аль болох камер байршуулах, дохиоллын системийг бий болгох хэрэгтэй. Таны байр, гэр, гудамжны ойролцоо камер эсвэл дохиоллын систем хангалтгүйгээс орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Гэмт этгээдүүд хүн багатай, дохиололгүй, камержуулалтгүй орчныг сонгодог тул илрүүлэхэд цаг хугацаа их ордог  гэж ярилаа. Аливаа гэмт хэргийг гарсан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулбал хэргийг илрүүлэхэд давуу тал болдог. Гэтэл иргэд орон байраа удаан хугацаагаар, хараа хяналтгүй орхисноос 14-21 хоногийн дараа,  зарим тохиолдолд сарын дараа мэддэг байна. Гэтэл энэ үед хэргийн газар дээр очиход, янз бүрийн байдлаар гэмт этгээдүүд ул мөрөө баллах, гутлын улны мөр тоосонд дарагдах, хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт устаж үгүй болох зэрэг хүндрэл гардаг байна.  Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн  ихэнх хувийг 14-30 насны залуучууд эзэлж байгаа нь тун харамсалтай.  Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу 17 дугаар бүлгийн 17.1-д заасны дагуу 24.00-72.00 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх. Зургаан сараас таван жил зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. 






Холбоотой мэдээ