“Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-28 10:54:16

Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, хөдөө орон нутагт хавдрыг эрт илрүүлэх нөхцөл, боломжийн талаар мэргэжлийн тайлбар авчээ.

Архангай аймагт ирэх жилүүдэд “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ч санал солилцсон байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн биохимийн болон молекул биологийн лабораторид ашиглагдаж буй шинжилгээ, оношилгооны зарим тоног төхөөрөмжийн хүчин чадал, явуулын лабораторийн тоноглол бүхий автомашин зэргийг үзэж сонирхсон байна.

Уулзалтын үеэр “Хавдрын аюулгүй Архангай” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, нарийн мэргэшүүлэх ажлуудын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар болов. Дээрх хөтөлбөрийн хүрээнд ”Хавдрын эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын төв” энэ онд Цэцэрлэг хотод ашиглалтад орох юм. Ингэснээр Архангай аймгийн хүн амын дунд түгээмэл байдаг хөх, элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлгийг орон нутагт хийж, хорт хавдрыг эрт үед нь эмчлэх боломж сайжирна гэж үзэж буй юм.  Ташрамд улсын хэмжээнд жил бүр хавдрын 6800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, түүний 77 хувь нь хожуу шатандаа оношлогдож, 66 хувь нь эмчлэгдэж чадалгүй амь нас нь эрсэддэг байна.

Холбоотой мэдээ