Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-30 10:58:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Сайханцэцэг, Ц.Өнөрцэцэг нарт холбогдох “Салхитын мөнгөны ордын” эрүүгийн хэргийг өчигдөр хянан хэлэлцэж хорих ял оноох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Өнөрцэцэгийг бусадтай үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт /хээл хахууль өгөх/ -д зааснаар 2 жилийн хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгч Ц.Өнөрцэцэгээс 20 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Харин шүүгдэгч Б.Сайханцэцэгийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албан тушаалын чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр хээл хахууль авсан гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт /хээл хахууль  авах/ зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулсан байна.


Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ