Уралдахаар бүртгүүлсэн морьдын 70 орчим хувийг хасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-30 15:58:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үндэсний их баяр наадмын энэ жилийн хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морьдын 70 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн талаар Монголын Морин спорт, уяачдын холбоонд 400 гаруй гомдол иржээ. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар өнөөдөр мэдээллээ. 

Тэрээр, баяр наадмын хурдан морины уралдаанаас эрлийз морьдыг үндэслэлгүйгээр хассан гомдлыг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлж байна гэв. 


“Монголын Морин спорт, уяачдын холбооны VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д 700 гаруй уяачдын 64.3 хувийн саналаар эрлийз морьдыг зөвхөн сэрвээний өндөрөөр нь хэмжиж уралдуулахаар мэргэжлийн спортын холбоо шийдвэрлэсэн. Стандартчилал хэмжил зүйн газар MNS-ын стандартаар нас насны монгол морьдын сэрвээний өндрийн хэмжээг албан ёсоор тогтоосон. Уг дүрмийн дагуу  Г.Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын уралдаан болон их хурд уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй ирсэн гэв. 

Гэтэл Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо болон энд томилогдон ажиллаж байгаа үүлдэр тогтоох комиссынхон одоо хүчин төгөлдөр эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй, баталсан стандарт, дүрэм журмыг мөрдөхгүй байгаа нь баяр наадмаар уяачид, наадамчдын дунд маргаантай байдлыг бий болгож байна. 


Иймд Үндэсний их баяр наадмын уралдаанд уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжихэд хүний оролцоогүйгээр цахим хэлбэрт шилжүүлэн, олон нийтэд нээлттэй байлгах хэрэгтэй. Ийм саналыг Үндэсний баяр наадам зохион байгуулах комисст хэд хэдэн удаа хүргүүлсэн. Гэвч хүлээж аваагүй байна. Бүх уралдаан тэмцээнийг энэ стандартын дагуу зохиох ёстой. Ирэх жил ардын хувьсгалын 100 жилийн ой тохиоход ямар морь уях, ямар морь уралдуулах нь тодорхойгүй байна” хэмээлээ.

ММСУХ-оос морины сэрвээний өндөр хэмжигч бүтээх тендер зарлаж, шалгарсан төхөөрөмжийг Стандартчилал хэмжил зүйн газраас шалгаж баталгаажуулан хэрэглээнд нэвтрүүлжээ. Уг төхөөрөмж нь хүний оролцоо шаардахгүйгээр хэмжиж, олон нийтэд нээлттэйгээр дэлгэцэд харуулдаг аж.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-д зааснаар дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг байна.


                                                                                                                                                                                                   С.Туул

Холбоотой мэдээ