Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийн ажлын баг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг өнөөдөр хуралдлаа.
УИХ-ын даргын долоодугаар сарын 03-ны 03 дугаар захирамжаар уг ажлын багийг байгуулж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хатантуул нарыг бүрэлдэхүүнд оруулсан.
Ажлын багийн хуралдаанаар, төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Ажлын багт мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах яам, агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуулийн төслийг удахгүй эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нараас дөрөвдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлснийг УИХ дөрөвдүгээр сарын 30-ны нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.