Унгар улсын тэтгэлэгт хөтөлбөрт 200 монгол оюутан хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-31 13:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын ЭСЯ-наас тус улсад суралцах монгол оюутнуудыг хамруулах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар өнөөдөр МУИС-ийн төв байранд танилцууллаа. 

Унгар улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар энэ жил 760 гаруй оюутан хүсэлт гаргаснаас 200 нь шалгарчээ. Тэд одоо Унгар явах бэлтгэлээ хангаж "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлыг хүлээж байна. Хөтөлбөрийн талаар бид Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайдын хэргийг хамаарагч, хатагтай Обрушанский Борбалагаас тодруулав. 


-Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд танай улсад ямар чиглэлээр суралцах вэ. Оюутнуудад хэдэн жилийн тэтгэлэг өгч байна вэ?

-Анагаах ухаан, архитектур, инженер гээд олон чиглэлээр, янз бүрийн мэргэжилээр суралцана. Бакалаврын зэргээр сурах бол 2-3 жил байж болно. Анагаах ухаан, архитектур, инженерийн чиглэлээр сурахад 4-5 жил сурах учраас тэр хугацаагаараа тэтгэлэг авна. Тэтгэлэгт хөтөлбөр бакалавар, магистр, доктрант гээд аль ч шатны, бүх түвшний оюутнууд хамрагдах боломжтой. 

-Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад ямар шаардлага тавьж байна вэ. Цаашид хамрагдах оюутнууд юунд анхаарах вэ?

-ЕБС төгссөн байх, motivation захидал бичих, гадаад хэлний шалгалтын гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлнэ. Нарийн мэдээллийг Stipendiumhungaricum.hu хуудаснаас харж авах боломжтой. Энэ сайт дээр англи хэл дээр бүх мэдээлэл байгаа. Үүнийг нарийн уншиж судлаад бүх баримт бичгээ бүрдүүлэн хугацаандаа өргөдөл гаргах нь чухал. Өргөдөл, хүсэлтийг тухайн оны нэгдүгээр сарын 15 хүртэл хүлээн авдаг. Хэрэв англи хэлээр сургалтаа авах бол заавал англи хэлний өндөр түвшний шалгалтын оноотой байх ёстой. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Унгарт очоод нэг жил унгар хэл сурсны дараа их сургуульдаа суралцана. 


Элчин сайдын хэлснээр 1957 онд хоёр улсын хооронд соёл боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаар монголчууд Унгарт очиж суралцах болжээ. 1990 оноос хойш жил бүр 15 оюутан хүлээн авч байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 100-200 болж нэмэгджээ. 

С.Туул

Холбоотой мэдээ