УБТЗ 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар төмөр замчдын баяраа угтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-31 17:29:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын хамтарсан хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хамт олон өнөөдөр төмөр замдчын баяраа тэмдэглэж байна. 

Энэ жил дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд улс орны эдийн засаг, нийгийн амьдрал амаргүй хүнд байгаа ч УБТЗ-ын хамт олон 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн амжилтаар баяраа угтаж байна. Дээрх үзүүлэлт нь энэ оны эхний 7 сарын байдлаарх дүн юм. Ачаа тээвэр өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар илүү байна. 

Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 22.3 хувиар, импортын тээвэр 0.1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарлаа. Манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний 7 сарын байдлаар 1174-д хүрээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 392 галт тэргээр илүү байна. 


УБТЗ-д техник, технологийн шинэчлэл хийгдэж, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, суурь бүтцээ хүчжүүлж сайжруулахад ч багагүй ахиц дэвшил гаргав. Энэ онд галт тэрэгний хөдөлгөөнийг радио хориглолын орчин үеийн цоо шинэ аргаар удирдах СЕРДП-Е системийг нэвтрүүлж, зүтгүүрийн паркаа орчин үеийн хүчирхэг зүтгүүрүүдээр шинэчилж эхлэв. 

Мөн Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулжээ. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ОХУ руу явуулж засуулдаг байсан хөдлөх бүрэлдэхүүний хамгийн чухал эд анги болох хос дугуйг дотооддоо засаж угсрах бололцоотой болж байна.


УБТЗ өнгөрсөн жил 28.1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. 


Ингэснээр жилдээ 1000-1500 хос дугуйг угсарч засаж, гадагш урсаж байсан их хэмжээний валютын урсгалыг зогсоож, цаг хугацаа хэмнэх юм. Дээр дурьдсан шинэчлэлийн үр дүнд УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх  хүчин чадал 20 гаруй хувиар өсөж, өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах бололцоо нэмэгдэх юм.

Энэ онд Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад УБТЗ-ын оролцох оролцоо улам өслөө. Өнгөрсөн жил УБТЗ  Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын дээд бүтцийг барьж тавьсан бол энэ жил Тавантолгой-Зүүнбаянгийн 434 км төмөр замын дээд бүтцийг тавих ажлыг хариуцаж, эхний 50 км замын дээд бүтцийг богино хугацаанд хийгээд байна. 


УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж өнгөрсөн жил  Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 10-р байрт тодруулсан бол энэ жил 8-р байрт шалгаруулсан нь УБТЗ Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаагийн баталгаа болж байна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, олон зуун компани, ААН дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа  хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнаа цомхотголд өртүүлэлгүй, цалин урамшуулалыг тогтмол цагт нь өгч ирэв. Тус нийгэмлэг нь сүүлийн 3 жил дараалан нийт ажилтны цалинг жил бүр 10 хувиар нэмж ирэв. Төмөр замчдын баярыг тохиолдуулан 16 мянга шахам ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ жил мөн 10 хувиар нэмэгдүүлэхээр болж, төмөр замчиддаа бэлэг барилаа.

УБТЗ өнгөрсөн жил 28.1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. 


Холбоотой мэдээ