Монгол, Унгарын дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-06 11:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн жил бид Монгол Улсад Унгар Улсаас суугаа Элчин сайдын хэргийг хамаарагч, доктор, хатагтай Обрушанский Борбалатай уулзаж зарим зүйлийг тодруулав. 

-Дипломат харилцааны 70 жилийн ойд зориулж ямар ажил хийж байна вэ?

-Бид дипломат харилцааны ойд зориулж уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн танилцуулга гээд олон ажил төлөвлөсөн. Эдгээрээс заримыг нь эхлүүлж байсан ч дэлхий нийтийг хамарсан COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас болж ихэнх нь хойшилсон. 


Манай ЭСЯ нийслэл Улаанбаатар хотод "Унгарын нэг өдөр" танилцуулах өдөрлөг зохиож Унгарын соёл, боловсрол, хоол, хүнсний бараа зэргийг танилцуулахаар төлөвлөж байна. Мөн олон улсын бага хурал зохион байгуулна. Гэхдээ яг хэзээ зохион байгуулахыг тахлын халдварын нөхцөл байдлаас хамаараад сайн мэдэхгүй байна.  Энэ оны 10-11 дүгээр сарын үед зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна дипломат харилцааны 70 жилийн ойд зориулах гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг харуулсан баримтат кино хийж байгаа.

-Хоёр орны хоорондох худалдаа, эдийн засгийн эргэлт хэдэн ам.доллар байна вэ?

-Энэ маш бага буюу жил бүр 10 сая ам.долларын худалдааны эргэлттэй байна.  Үүнийг нэмэх хүсэлтэй байгаа. Хоёр улсын хуучны хамтын ажиллагаан дээр суурилсан Био комбинатын үйл ажиллагааг сэргээх төсөл хэрэгжиж байна. Үүнээс өөр төсөл хэрэгжүүлэх санал, санаачилга гаргаж байгаа. Төлөвлөж бэлтгэж буй зүйлүүд ч бий. Үүнээс гадна Унгараас маш олон бизнесмен, ажил хэргийн хүмүүс Монгол орныг сонирхож байна. Энэ талаар бид бизнесийн судалгааны ажил хийж байгаа.

Монголд Унгар хэлний тэнхим нээнэ


Боловсролын салбарт хоёр орны хамтын ажиллагаа хэвээр үргэлжилж, Монгол оюутнуудыг манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургаж байна. Хэдхэн хоногийн өмнө Унгар улсын Засгийн газрын “Stipendium Hungaricum"-ын ээлжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, 760 гаруй монгол залуус бүртгүүлж, 200 оюутан хамрагдлаа. Энэ жилийн хамралт их байгаа нь сайхан байлаа. 


Үүнээс гадна Унгар хэлний сургалт явуулах үйл ажиллагаа идэвхижиж эхэлсэн. МУИС-ийг түшиглэн Унгар хэлний сургалт явуулах факультет буюу тэнхим нээх талаар ярилцаж байна. Энэ нь Унгар улсад сурахаар явж байгаа монгол оюутнууд эх орондоо унгар хэл сурах боломжтой болно гэсэн үг. 

Ер нь бол аль ч их, дээд сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулж болно. Одоо бол Унгар хэлний түр сургалт явуулж байгаа. Намраас Унгар бүжгийн түр сургалт эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Унгар Монголын талаар түүхийн угсаатны зүйн сэдвээр лекц уншуулна. Хоёр улсын хооронд бүх салбарыг хөгжүүлэх, өргөжүүлэх санаатай байна.


Элчин сайдын хэргийг хамаарагч, доктор, хатагтай Обрушанский Борбалагийн хэлснээр 1957 онд хоёр улс соёл боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулснаар монголчууд Унгарт очиж суралцах болжээ. 1990 оноос хойш жил бүр 15 оюутан хүлээн авч байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо 100-200 болж нэмэгджээ. 

Холбоотой мэдээ