Улаанбурханы эсрэг дархлаажуулалт 49 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-16 12:21:20

Энэ сарын 12- ноос эхэлсэн улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар 3500 шахам хүн хамрагдаад байгааг аймгийн Эрүүл мэндийн  газраас мэдээллээ. Энэ нь нийт хамрагдах хүний 49.5 хувь болж байгаа ажээ.

Дархлаажуулалтын цэг 15 сумын Эрүүл мэндийн төв болон аймгийн төвийн өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд байршиж байгаа байгаа бол аймгийн төвд явуулын хэд хэдэн цэг ажиллуулж байна. Дархлаажуулалтын цэг амралтын өдрүүдэд ч ажилласан бөгөөд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад зорилтот хэсгийн иргэдээ хамгийн өндөр хувьтай буюу 89. 9 хувьтай хамруулсан нь Баянжаргалан сум болж байна. Харин аймгийн төвд хамгийн бага буюу 30.7 хувьтай байгаа ажээ.

Дархлаажуулалтад 18- 30 насны иргэдийг 100 хувь хамруулна. Дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг тодорхойлох хурууны тэмдэглээ хийж байгаа бөгөөд Авто тээврийн төвтэй хамтран хот хоорондын тээврийн хэрэгслийн зорчигчдын хурууны тэмдэглэгээг шалган, дархлаажуулалтад хамруулж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулсан бөгөөд дархлаажуулалтыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулж, зорилтот хэсгийн иргэдийг бүрэн хамруулах үүргийг сумын Засаг дарга нар хүлээгээд байгаа юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ