Байгаль хамгаалагчид унаатай боллоо

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-08-06 14:47:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Тусгай хамгаалалттай газар нутгийн  хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нарт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд шинэ мотоцикл гардуулав. 

"Нүүдэлчин-ZS200-6" маркийн эдгээр мотоциклийн нийт өртөг 411 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс гарган байгаль хамгаалагчдыг унаажуулж байна.


Мотоцикл гардсан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх, “Манай хамгаалалтын захиргаа өнөөдөр яамнаас 8 мотоцикл гардлаа. Энэ нь байгаль хамгаалагчдын тоног төхөөрөмжийг шинэчилж буй, байгаль хамгаалагчдын эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг дэмжиж буй явдал боллоо” гэв. Энд Тусгай хамгаалалттай газар нутгийн  хамгаалалтын 24 захиргаа, 21 сав газрын захиргаа хамрагдаж байна. 

Мотоцикл гардуулах үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, "Бид байгаль хамгаалагчдыг энэ онд багтаан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар гурван үе шаттай хангахыг зорьж байна" гэв.  


Тусгай хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид 2014 оноос хойш мотоциклоор хангагдаагүй иржээ. Харин 2017 онд "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын техник-материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.85 тэрбум төгрөгөөр машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулжээ.  


"Газрыг тусгай хамгаалалтад авна гэдэг нь хойч ирээдүйдээ унаган байгаль үлдээх сонгодог арга. Цаашид Монгол Улсын төрийн бодлого нь  тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөж, тусгай хамгаалалттай газрын хэмжээг 24 хувь болгохоор төлөвлөж буй"-г БОАЖ-ын сайд онцлов.  



С.Туул

Холбоотой мэдээ