Монгол Улсад 511 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-10 10:45:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын үеэр “Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх” INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд 511.6 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн рентген аппарат, коронавирус түргэн илрүүлэх PCR оношлуур, оношилгооны цомог, урвалж, хэрэглэгдэхүүн зэргийг хүлээн авлаа. Уг төслийг Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг олгох зорилгоор эхлүүлжээ. Олон улсад дэгдсэн шинэ коронавирусний цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр туслаад байгаа юм.



Уг төслийн дэмжлэгийг авахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг болон Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон идэвх санаачилгатай ажилласан гэдгийг уулзалтын үеэр талууд онцоллоо. Тодруулбал, 42 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, оношилгоо, шинжилгээний урвалж, бодисыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгож, ХӨСҮТ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилан өгөх юм.

Холбоотой мэдээ