Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад дахин тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-08-11 09:57:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад дахин тэргүүлжээ. 2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1001 сурагч бүртгүүлж, 909 сурагч 2561 хичээлээр шалгалт өгсөн юм.

Математикийн хичээлээр хамгийн олон буюу 622 шалгуулагч шалгалт өгч, аймгийн дундаж 528 хэмжээст оноотойгоор улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарлаа. Мөн Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 484 шалгуулагч шалгалт өгч, аймгийн дундаж 545 хэмжээст оноотойгоор улсын хэмжээнд нэгдүгээр байрт шалгарчээ.

Англи хэлний хичээлээр 422 шалгуулагч шалгалт өгч, улсад хоёрдугаар байр, орос хэлний хичээлээр долоон шалгуулагч шалгалт өгч, улсад гуравдугаар байр эзэлсэн бол монгол хэл, физик, химийн хичээлээр дөрөвдүгээр байр, биологийн хичээлээр тавдугаар байр, газарзүй, монгол улсын түүхийн хичээлээр тус бүр зургаадугаар байранд шалгараад байна. Аймгийн боловсролын салбар ЭЕШ-аар 2017 онд 528.1 хэмжээст оноо авч, 21 аймгийг тэргүүлж байсан бол 2018 онд гуравт жагсаж, 2019 онд дахин тэргүүлж байв. 

Холбоотой мэдээ