“Гонгорын бумба”-ны тахилга, хурал цахимаар болно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-13 09:54:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших “Амарбаясгалант” хийдэд зохион байгуулагдах “Гонгорын бумба”-ны тахилга, хурлыг энэ сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Иймээс энэхүү үйл ажиллагаанд энэ удаа сүсэгтэн олныг зорин ирэхгүй байхыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон аймгийн Цагдаагийн газрын хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Тус тахилгыг зорин ирсэн сүсэгтэн олныг аймгийн Цагдаагийн газраас нэвтрүүлэхгүй болохыг мөн анхааруулсан байна. Дэлхий нийтэд тархаж буй халдварт Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү урьд жилүүдийн тахилгаас өөрөөр зохион байгуулж буй юм. Ташрамд сонордуулахад Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хийдийн урд орших “Ивэн” голын гармаас сүсэгтэн олны бумбыг бүртгэн авах цагийн хуваарийг гаргасан байна.

Тухайлбал, 2020 оны 8-р сарын 12-нд 13:00-19:00 цагт.

2020 оны 8-р сарын 13-нд  08:00-19:00 цаг хүртэл, 2020 оны 8-р сарын 14-нд  08:00-19:00, 2020 оны 8-р сарын 15-нд 08:00-11:00 гэсэн цагуудад Бумба хүлээн авах юм байна. Харин бумба буцаан олгохдоо таны бумба нэг өдрийн хурлын уншлагад бүтэн орсон бол тэр өдрийн хурлын дараагаас болон дараа өдрөөс нь бумбаа буцаан авах юм байна.  

Холбоотой мэдээ