"ЭТТ" ХК 178 тэрбум төгрөгийг Сангийн яаманд гүйцээн шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос өнөөдөр санхүүгийн салбарын энэ оны эхний хагас жилийн тоймыг танилцуулах үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн иргэдийн эзэмшлийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
СЗХ-ны үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш, "ЭТТ" компанийн ТУЗ ногдол ашиг тараах шийдвэрийг Компанийн тухай хуулийн хүрээнд гаргасан нь хэвээр байгаа. Манай хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр /ҮЦТХТ/ дамжуулж тараана. ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа.
2.5 сая иргэнд ногдол ашиг нэг дор тараана гэдэг бол онцгой үйл ажиллагаа учраас нэлээд бэлтгэл хийх шаардлагатай байсан. Бэлтгэл ажил одоо бүрэн хангагдсан. Эхний ээлжинд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн дансаар ногдол ашгийг тараана. Үүнд нэг сая гаруй иргэний дансыг банктай тулган, баталгаажуулж, ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдэх иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь дамжуулна.
0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг халамжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг хийж байна. ҮЦТХТ-өөс дээрх байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, программын хөгжүүлэлт хийгээд тараахад бэлэн болсон" гэв.
Тэрээр, Компанийн тухай хуулиар ногдол ашиг тараах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргадаг. Харин хэрэгжүүлэхийг нь гүйцэтгэх удирдлага хариуцдаг. Ногдол ашиг тараах бэлтгэл ажлыг хангасан учраас ТУЗ-ийн шийдвэрийг хэзээ хэрэгжүүлэхийг "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх удирдлагаас тодруулах хэрэгтэй гэсэн юм.
СЗХ-ны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц хариулахдаа, "Хөрөнгийн зах зээл дээр өмнө нь 100 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байсан тохиолдол байхгүй. "ЭТТ" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Гэрээний дагуу "ЭТТ" үе шаттай мөнгөө шилжүүлж байгаа. 100 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "ЭТТ" ХК ойрын хугацаанд нөхөж шилжүүлснээр ногдол ашиг иргэдэд хүрнэ" гэв.