Оны эхний хагаст хууль бусаар ашигт малтмал олборлосон 157 зөрчил илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-17 16:37:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт зохион байгуулсан хяналт шалгалтын талаар мэдээллээ.


Шалгалтаар Ерөө суманд хууль бусаар ашигт малтмал олборлосон 1 ААН, нөхөрлөл, 18 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 16 экскаватор, 5 ковш, 5 ачааны машин, 15 алт угаах төхөөрөмж хурааж, 4 гэр, 6 майхныг албадан буулгаж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Тухайн иргэд, ААН хууль бусаар ашигт малтмал олборлосон нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хураасан техник хэрэгслийг улсын орлого болгох юм. Түүнчлэн ууланд нуусан техник, хэрэгслийг буулгуулж, буруутай этгээдүүдээр хөрсийг нөхөн сэргээлгэхээр ажиллаж байна. 


Тус сумын нутаг дэвсгэрийн 65 орчим хувь нь ойн сан бүхий газар тул “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх тухай” хуульд заасны дагуу ашигт малтмал хайх олборлолт явуулахыг хориглосон ч сумын Могойн гол, Өлөнт, Цамхаг, Харгана гэх газруудад:

1920 оноос өмнө БНХАУ-ын иргэд

1965-1989 онд ОХУ-ын иргэд, ААН

1992-2010- онд дотоодын ААН-үүд

2011-2017 онд нутгийн иргэд

2017-2019 онд бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүд ашигт малтмалын олборлолт явуулсаар иржээ. 



ЦЕГ-ын ЭЦА-ны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анура, “БОАЖЯ-наас 2018 онд явуулсан тооллогын дүнгээр тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас 2200 га талбай эвдэгдсэн. Мөн энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг 437 гэмт хэрэг бүртгэгдсэний 157 нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг байна” хэмээн онцлов.


ЦЕГ-ын ЭЦА-ны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 1-р хэсгийн дарга, хошууч Я.Билэгдэмбэрэл,  “Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант, Хүдэр сумууд алтны илэрцтэй газар бөгөөд гадаад улсын иргэд, хууль бусаар ажиллаж байгаа зөрчил байхгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг. Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна. Хууль бус ААН, иргэн, нөхөрлөлтэй тэмцэх ажиллагааг Ерөө, Бугант, Хүдэр болон Дархан-Уул аймгийн Шарын гол зэрэг алтны илэрц ихтэй газруудад хийж байна” гэлээ.


ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс алтны хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт ажиллаж хууль бусаар олборлосон 6.063.48 гр алт, 154.4 гр мөнгөн ус, 5 сая төгрөгийг хураан авч хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 


Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ