The National Interest: Беларусьт чухам юу болж байна вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-08-20 16:14:51

“Евразийн бүжиг” хийснээрээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дахин нэг удаа сунгах боломжтой гэдэгт Беларусийн удирдагч Александр Лукашенко итгэлтэй байлаа. Гэвч тэрбээр илт алдаж тооцоолсон бөгөөд одоо өөрийнхөө дэглэмийг унахаас хамгаалахын тулд муйхар хүчинд найдлага тавьж байна. 


Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Лукашенко жагсагчдыг нухчин дарах ажиллагаа явуулсан нь ганцаараа үлдсэн гэдгээ мэдэрч буй хүний цөхөрсөн үйлдэл болохыг харууллаа.  


“Eurasian shuffle” буюу “Евразийн тавцан дахь бүжиг” - энэ бол ЗХУ задарсны дараа байгуулагдсан улсуудын удирдагчид “өөртөө дээд зэргийн давуу байдлыг олж авах”-ын тулд Москва, Вашингтон хоёрын дунд хийсээр ирсэн эцэс төгсгөлгүй бүжиг юм. Энэ бүжгийг хамгийн сайн хийдэг хүн нь Узбекистаны ерөнхийлөгч асан, талийгаач Ислам Каримов байлаа. 


Эдгээр удирдагчид Оросоос хамааралгүй гэдгээ нотлох замаар барууныхнаас эдийн засаг, улс төрийн дэмжлэг олж авахын тулд тэдний өмнө “бүжиглэдэг”. Харин Барууны орнууд ардчиллыг тогтоох, шинэчлэл хийхийг шахаж шаардангуут үүнээс бултан зайлахын тулд дорно зүг рүү ухарцгаадаг.


Лукашенкогийн хэвшмэл хандлага гэвэл, Европтой зарим талаар хамтран ажиллаж, үүний сацуу Оросоос янз бүрийн хөнгөлөлт нэхэх замаар байр сууриа хадгалах явдал. Гэвч ийм тохиролцоо нь 2014 оны Украины хямралын дараагаас нурж эхэлсэн учир нь, Орос ба Барууны дунд геополитикийн маневр хийх орон зай Лукашенкогийн хувьд эрс хумигдсантай холбоотой. Түүнээс гадна, Кремльтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ Лукашенко  илэрхийлдэг боловч тэрбээр “Их Орос”-ын нэгэн мужийн захирагч бус харин тусгаар тогтносон Беларусь улсын ерөнхийлөгч байхыг үргэлж хүсдэг. 


Оросын эдийн засгийн уналт ба транзит улс болох Украинаас хамаардаг байдлыг багасгахын тулд хэрэгжүүлж буй гео эдийн засгийн төслүүдээ тооцож үзсэн Москвагийн эрх баригчид Лукашенкогийн дэглэмийг дэмжихэд зарцуулж буй мөнгөнийхөө оронд хангалттай зүйлийг авч чадаж буй эсэхдээ эргэлзэж эхэлжээ. 


Энэ онд гэхэд, Орос-Беларусийн харилцаанд хоёр ч удаа хямрал дэгдэв. Эхнийх нь, газрын тосны транзит тээвэрлэлт ба эрчим хүчний эх үүсвэрийг Беларусийн тал зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдан авах тухай асуудлаас үүдэлтэй. Энэ хямралыг Лукашенко “Беларусийн бүрэн эрхт байдлын эсрэг чиглэсэн Оросын эдийн засгийн түрэмгийллийн илрэл” гэж үзээд, АНУ болон бусад улсаас нийлүүлэгч хайж олохоор оролдсон. Барууныхан түүнийг анхааралтай сонссон ба харилцаа дулаарч буйн илэрхийлэл болгож 2020 оны 2 дугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Беларусьт айлчилсан билээ. Беларусийн эсрэг авсан Барууны хоригийг сулруулах талаар тодорхой алхмууд хийгдсэнээс гадна АНУ элчин сайдын түвшинд дипломат харилцаагаа сэргээхээр шийдвэрлэсэн юм. 

Харин 2 дахь хямрал нь 8 дугаар сард болсон сонгуулийн яг өмнө дэгдлээ. Беларусийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцож, өөрт нь дуулгавартай удирдлагыг гаргаж ирэхийн тулд манай улсад байдлыг тогтворгүй болгох гэж байна хэмээн Лукашенко Москваг буруутгав. Улмаар “Вагнер” гэдэг хувийн хамгаалалтын компанийн  хөлсний цэргүүд Африк руу явах замдаа Беларусьт баривчлагдсан нь уг хямрал дээд цэгтээ хүртэл хурцадсан хэрэг байлаа. Үймээн самуун өдөөх зорилгоор Беларусьт ирсэн гэх шалтгаанаар тэднийг баривчилжээ. Ингэснээр Путиний өргөжин тэлэлтээс /экспансионизм/ хамгаалагч гэдэг утгаар барууны орнууд өөрийг нь дэмжинэ гэж Лукашенко найдсан нь илт.


Гэвч түүний хүчин чармайлт талаар өнгөрөв. Барууны ертөнц Лукашенкогийн эсрэг хориг тавих нь тодорхой болжээ. Түүнээс гадна, Литва зэрэг Европын зарим улс Лукашенког Беларусийн хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд, сөрөг хүчнээс нэр дэвшигч Светлана Тихановскаяг сонгуульд ялсан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ улс орныхоо дотоодод эсэргүүцэлтэй тулгарч, Барууны шахалтанд орсон Лукашенког Москва дэмжих гэж яарахгүй байна. Сонгуульд ялсантай нь холбогдуулан Путин Лукашенкод баяр хүргэсэн. Харин Беларусийн удирдагчийн талаарх Оросын хэвлэлүүдийн хандлага сүүлийн хэдэн сард илт хатуурхах өнгө аястай болж, түүнийг “орос холбоотноосоо урвахаас сийхгүй гэдгээ харуулсан, бодит байдлаас тасарсан удирдагч” гэдэг байдлаар харуулах нь олонтоо ажиглагдах болов.


Миний үзэж байгаагаар, 2011 онд Ливийн удирдагч М.Каддафи ямар байдалд байсан билээ, түүнийхтэй адил нөхцөл байдалд Лукашенко ороод байна. Каддафи Баруунаас дэмжлэг авахын тулд Москватай тогтоосон хэлхээ холбооныхоо ач холбогдлыг бууруулж харагдуулахыг эрмэлздэг байсан. Харин тэрбээр барууныхантай муудалцсан үед түүнийг аврахын тулд Москва юу ч хийгээгүй билээ. 

 Түүнээс гадна, Арменийн удирдагч асан Серж Саргсяны улстөрчийн хувь заяа хэрхсэн бэ гэдгийг Лукашенко анхаарах нь зүйтэй. Арменийг удирдахад хэнээр ч орлуулшгүй хүн гэж Москва өөрийг нь үнэлдэг гэдэгт Саргсян итгэлтэй байв. 2018 оны хувьсгалаар түүний оронд Никол Пашинян гарч ирсэн билээ. Улс төрийн талаар сул дорой бөгөөд Москвагаас бүрэн хамааралтай, гэхдээ улс орныхоо удирдлагыг гартаа авсан тийм Лукашенко л Кремлийн хувьд хамгийн аятайхан хувилбар байх болно гэсэн бодол төрж байна. Харин Андрей Кортуновын бичсэнээр бол “улс орны удирдлага бүрэн өөрчлөгдсөн ч гэсэн геополитикоос шалтгаалан холбоотон улс орнуудын тоо цөөрдөг гэдгийг Арменийн жишээ харуулж байна. Газарзүйн хувьд Арменийг бодвол Беларусьт илүү олон боломж бий байх, гэхдээ тус улс Баруунтай гүнзгий интеграцид орох хэтийн төлөв тун ч бүрхэг харагдана”. Федор Лукьянов бичихдээ “ийм учраас Кремлийн хувьд ямар үр дүн, ямар үр дагавар гарах вэ гэдгийг хүлээзнэх нь зүйтэй” гэжээ.


Лукашенкогийн хувьд, засгийн эрхэнд үлдэхийн тулд муйхар хүч хэрэглэхийг /Тяньаньмэнь маягийн ч байж мэдэх/ хүсч байж магадгүй хүн. Барууныхан түүнийг дэмжихээс татгалзах нь тодорхой болсон энэ үед, Орос улс томоохон буулт хийсний хариуд л Беларусьт туслахыг зөвшөөрөхөөр байгаа энэ үед Лукашенко Хятадын удирдагч Ши Жинпиний тусламжинд найдаж буй нь илт. Гэхдээ Беларусь улс Хятадыг сонирхож байгаа шиг хятадууд Беларусийг сонирхож байгаа нь юу л бол.  

АНУ болон Европ дахь түүний холбоотнууд Беларусьт хүний эрхийг олонтоо зөрчиж байгааг хатуу зэмлэн буруушаах ёстой. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байгаад баривчлагдсан хүмүүсийг сулласан нь Беларусийн эрх баригч дэглэмд үзүүлж буй шахалт үр дүнд хүрч буйг харуулж байж магадгүй. Гэхдээ энэ хямралын асуудалд тун болгоомжтой, тун эв дүйтэй хандах хэрэгтэй. Беларусийн газарзүйн байршил, баруун нутгийг нь хамгаалахад гүйцэтгэж буй үүрэг нь Оросын хувьд тун чухал. Энэ хүчин зүйл нь үйл явдалд нөлөөлөх Барууны боломжийг хязгаарлаж байгаа юм. “Өөрийн талбайд тоглохын давуу тал”-ыг эзэмшдэг Москвагийн хувьд Беларусийн ирээдүй нь амин чухал асуудал учраас үүний төлөө оросууд томоохон эрсдэл хийхэд ч бэлэн байгаа.     


Хэдийгээр сүүлийн үед болж буй үйл явдлууд дээрх дүгнэлтийг үгүйсгэж байгаа боловч 2003 оны Гүржийн Сарнайн хувьсгалын дараа АНУ, Орос хоёр хэл амаа ололцож, “зөөлөн буулт” хийх нөхцлийг бүрдүүлж чадсаныг дурдах нь зүйтэй. Түүнээс гадна, Майданы хувьсгал эхлэхээс өмнө Украины асуудлаар анхдагч тохиролцоонд хүрээд байсан нь бас нэгэн жишээ. Москва хүлээн зөвшөөрөхүйц нөхцлөөр Лукашенког явуулах боломж олдох аваас бид болон манай Европын түншүүд уг боломжийг ашиглахыг л эрмэлзэх хэрэгтэй.  


Нийтлэлийг бичсэн Николас Гвоздев /Nikolas K. Gvosdev/ бол АНУ-Ын Тэнгисийн цэргийн коллежийн Үндэсний аюулгүй байдлын тэнхимийн профессор, Жером Леви-гийн нэрэмжит Эдийн засгийн газарзүй ба үндэсний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгчээр ажилладаг судлаач юм. Үүний сацуу тэрбээр “National Interest” сэтгүүлийн нийтлэлч-редакторын ажлыг гүйцэтгэдэг. 


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: https://nationalinterest.org/feature/belarus-crisis-what-happens-now-167030

https://inosmi.ru/politic/20200816/247936441.html

Холбоотой мэдээ