Цахим залилангаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-20 18:38:27
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас цахим залилангаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Энэ оны эхний долоон сарын байдлаар залилах гэмт хэрэг аймгийн хэмжээнд 17 бүртгэгдэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс цахим ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байгаа аж. Иймд иргэд эх сурвалж тодорхойгүй мэдээлэлд итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгаа аж. Залилан хийдэг гэмт этгээдүүд хүү багатай зээл олгоно, бараа бүтээгдэхүүн худалдана, хонжворт сугалаанд оролцуулна, цахим мөрийтэй тоглоом тоглоно, танил нь байна мөнгө зээлээч гэх мэт арга мэхээр цахим хаягний цаанаас холбогддог байна. Тиймээс иргэн танд ойр дотны хүнээс чинь мөнгө гуйх, хүү бага мөнгө зээлүүлнэ гэх зэргээр мессеж ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнтэй биечлэн ярилцаж асууж шалгаж байхыг анхаарууллаа.
Мөн цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаяг, нууц үгээ энгийн байдлаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хааж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нэвтэрч орохгүй байхыг Цагдаагийн газраас сануулж байна.
Холбоотой мэдээ