Ерөнхий сайд 928 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-08-21 18:52:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллах үеэрээ 1А орон сууцны хороолол, 928 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгын ажлын явц болон “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнтэй танилцлаа.    

Өнгөрсөн онд  Ерөнхий сайд Орхон аймагт ирэх үеэрээ 1А хорооллын барилгын төсөлтэй танилцаж дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд шийдэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг энэ онд шийдвэрлэж 1230 айлын орон сууц бүхий 1А хорооллын барилгын ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил  50 хувийн гүйцэтгэлтэй байна. 

УИХ-ын гишүүн Д.Батлут энэ үеэр энэхүү хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдсэнээр  Бөхийн өргөө, Музейн барилгыг барих бүрэн боломжтой болсоныг Ерөнхий сайдад уламжилсан юм. Тэрээр  Орхон аймгийн Засаг даргаар ажиллах үеэрээ долоон жил гацаад байсан барилгын ажлыг эхлүүлэхээр  Ерөнхий сайд болон БХБЯ-д удаа дараа хандаж байсан бөгөөд хөрөнгийн асуудал нь энэ онд шийдэгдэж чадсан юм.

Үүний дараа Ерөнхий сайд 1-р сургуулийн өргөтгөл болох 928 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын явцтай танилцлаа. Улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй тус сургууль хоёр сарын дараа ашиглалтад орно. Барилгын гүйцэтгэгч “Неман констракшн” ХХК-ийн удирдлагууд хэлэхдээ  төсөвт тусгагдаагүй нэмэлт ажил гарч үүнд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч ажлаа дуусгахыг хичээж байна гэсэн юм.  Иймд дээрх 1.3 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгах хэрэгтэй гэж Ерөнхий сайд сургуулийн удирдлагуудад хэллээ.  Сургуулийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Холбоотой мэдээ