Энэ хичээлийн жил сургууль, цэцэрлэг хэрхэн хичээллэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-24 16:22:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сургууль, цэцэрлэг хэрхэн хичээллэх талаарх цогц мэдээлэл хүргэж байна.


Бага ангийн сурагчид монгол хэл, математикийн хичээл үзнэ

Сурагчид өдөрт 60 минутаар 2-3 цаг хичээллэж, дөрвөөс илүү цаг хичээллэхгүй бөгөөд нэг ангид дээд тал нь 20 хүүхэдтэй байна. Нэг ангийн сурагчдыг 2-3 хувааж, хичээлийг 08.00-10.30 цаг, 11.00-13.30 цаг, 13.00-15.00 цагт ээлжлэн хичээллүүлэхээр тогтоожээ.

Түүнчлэн бага ангийн сурагчид зөвхөн монгол хэл, математикийн хичээл судлах бол дунд ангийн сурагчид монгол хэл, математик, байгалийн ухаан, гадаад хэлний хичээл үзнэ. Харин ахлах ангийн сурагчдын хувьд монгол хэл, математик болон сонгон суралцах хичээл үзэх юм. Бусад хичээл цахимаар бүрэн орно.



Танхимаар хичээллэхдээ зохих дүрмийг баримтална

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийн ойр орчим, ашиглаж буй байранд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэнэ.

ЕБС-ийн сурагчдыг нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байлгаж, 1-1,5м зайтай ширээ, сандлуудыг байрлуулж хичээллүүлэхээр журамлажээ.

Өглөө бүр сурагч, багш, ажилчдын биеийн халууныг үзэх, амьсгалын замын халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сургууль руу нэвтрүүлэхгүй юм байна.


“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлнэ

2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийг 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх болсонтой холбогдуулан нийслэлийн ЕБС-ийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах сургалтыг БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС хамтран зохион байгууллаа.

Хагас сарын хугацаатай уг сургалтад 25 тогоочийг хамруулан хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик мэдлэг олгожээ.


ЕБС-д шинээр элсэгчдийг энэ сарын 3-28-нд цахимаар бүртгэнэ

Энэ хичээлийн жилд 81 мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоо бий. Мөн улсын хэмжээнд ЕБС-д 683 мянган хүүхэд суралцана. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хангуулж, “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд мэйл хаягаараа нэвтэрч хүүхдээ бүртгүүлнэ.

Цахим бүртгэл энэ сарын 3-28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа газраасаа шилжсэн хүүхдийг энэ сарын 24-28-нд ажлын цагаар уламжлалт аргаар бүртгүүлж болох аж. Таван настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна.


Есдүгээр ангийн сурагчид анги дэвших шалгалт өгөхгүй

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ЕБС-ийн сурагчдын хичээлийг теле хэлбэрээр заахад хичээлээ үзэж амжаагүй хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд хичээлийн хоцрогдлыг арилгах, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тиймээс энэ жил нэг ч сурагч улирахгүй, мөн 9 дүгээр ангиа төгсөж буй хүүхдүүдээс анги дэвших шалгалт авахгүй гэж БШУЯ-наас мэдэгдсэн.


ЕБС-ийн сурагчдын сурах бичиг 9 дүгээр сарын 1 гэхэд бэлэн болно

Тухайн сургууль сурагчдынхаа тоогоор сурах бичгээ зөв захиалсан бол асуудал үүсэхгүй. ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичиг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар сургуулийн номын сангаар дамжуулан төрөөс хангах шийдвэр хэрэгжүүлж байна. Хүүхдийн тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдолтой холбоотойгоор төрөөс тогтоосон хувь хэмжээг тогтвортой хадгалахын тулд сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангах ажлыг жил бүр хийдэг. Хэвлэлтээс гарсан нөхөн хангалтын сурах бичгийг 9 дүгээр сарын 1 гэхэд бэлэн болгох юм.

Эцэг эхчүүд хүүхдээ халдвар авах эрсдэлтэй гэж үзвэл танхимын хичээлд суулгахгүй байж болно

Энэ хичээлийн жилд эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ танхимын сургалтад хамруулахаас татгалзаж, гэртээ теле хичээл үзэхээр албан ёсны хүсэлт гаргаж болох аж. Эцэг эхчүүд хүүхдээ танхимын сургалтад хамруулахаас татгалзсан хүсэлтээ бичгээр гаргасны дараа багштайгаа эргэх холбоотой ажиллах, хүүхдээ хоцрогдолгүй сургах талаар сургалтын менежер багштай тусгайлан гэрээ байгуулах ёстой юм байна.


Цэцэрлэг уламжлалт цагийн хуваарийн дагуу ажиллана

БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилд эхний 3 сар цэцэрлэгийн хүүхдийн ариун цэвэр, хичээлийн бэлтгэлийн жагсаалтыг гаргаж, бүх цэцэрлэг рүү явуулжээ. 

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар эрүүл ахуй, халдвар хамгааллын тодорхой дэглэмийг баримтлах, нэг ангид суралцах хүүхдийн тоог 20-25 байлгах, хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлийг эцэг эхэд санхүүгийн дарамт учруулахгүй байхаар буюу улирлаар нь тооцон бэлдүүлэх зэрэг зарим зохицуулалт хийх түр журам баталжээ. Тус журамд мөн эцэг эхийн хүлээх үүргийг заасан. Ханиад томуу, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэр-цэцэрлэг-гэр маршрутаар хүүхдээ зөөх, гудамж талбайд заавал амны хаалт зүүлгэх, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дархлааг дэмжих арга хэмжээ авах хэрэгтэйг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Цэцэрлэг ажлын өдрүүдэд өмнө ажиллаж байсан хуваарийн дагуу ажиллах юм.

 2 ойтой хүүхдийг цэцэрлэгт  бүртгэхгүй

Төрийн бус өмчийн орон зайг ашиглаж, 5087 хүүхдийг төрийн бус өмчийн зардлаар авах, анги танхимын хүрэлцээ тааруу зарим цэцэрлэгт зориулалтын барилгуудыг түрээслэх зэрэг ажлыг хийж байна. Эхний ээлжинд 5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулна. БШУ-ы сайдын тушаалаар “COVID-19” цар тахалтай холбоотойгоор 2 ойтой хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авахаар заасан. Цэцэрлэгт 2 ойтой хүүхэд бүртгэсэн тохиолдолд МХЕГ-т мэдэгдэж, зөрчлийг арилгуулах юм байна.

Цэцэрлэгт хүүхдүүд амны хаалт зүүхгүй байж болох бөгөөд ар гэрээс нь хоол, хүнсний бүтээгдэхүүн, тоглоом зэргийг цэцэрлэг рүү оруулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Ариутгаж, цэвэрлэсэн тоглоомоор тоглуулах, хүүхдүүд толгой нийлж унтахгүй байхаар унтлагын цагийг зохион байгуулахыг цэцэрлэгийн багш нарт анхааруулж байна.


Их, дээд сургуулийн танхимын хичээлд 20-иос илүүгүй оюутан хамрагдана

Их, дээд сургууль, МСҮТ-ийг лекцийн танхимын багтаамжаас шалтгаалж, дээд тал нь 40 оюутан хичээллэж болно. Харин лаборатори, семинарын хичээлд 20-иос илүүгүй оюутан хамрагдана.

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их, дээд сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн оюутны элсэлт, хичээл сонголтыг цахимаар явуулж байна. Их, дээд сургууль, коллежийн лекцийг 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхлүүлж, 10 дугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлэхээр төлөвлөжээ.


Нийт 51 дотуур байранд 12 мянга гаруй оюутан хүлээн авна

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд 12 мянга гаруй оюутан хүлээн авах бэлтгэл хангажээ. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11 мянга гаруй, хөдөө орон нутгийн 13 дотуур байранд 1000 гаруй оюутан хүлээн авах аж. Дотуур байранд амьдрах оюутнуудыг 10 дугаар сарын 1-5-нд хүлээн авах юм.


ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үнэ





         “БҮТЭЭЛЧ ҮЙЛС” ХХК

 Бага анги /I-V анги/

·         Эмэгтэй сарафан-41,000₮,

·         Сорочкон цамц-16,000₮

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)-62,800₮

·         Зангиа-2,500₮

 Дунд анги /VI-IX анги/  

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)-78,800₮ 

·         Сорочкон цамц-18,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)-78,800₮ 

·         Зангиа-2,500₮

 Ахлах анги /X-XII анги/   

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)-108,600₮

·         Сорочкон цамц-20,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)-98,700₮

·         Зангиа-3,500₮

 

            “ӨЭЛҮН МЕНЧ" ХХК

Бага анги /I-V анги/           

·         Эмэгтэй сарафан- 41,000₮       

·         Сорочкон цамц- 16,000₮

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 62,800₮

·         Зангиа- 2,500₮

Дунд анги /VI-IX анги/      

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 78,800₮   

·         Сорочкон цамц- 18,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)-76,000₮           

·         Зангиа- 3,500₮

Ахлах анги /X-XII анги/    

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 108,600₮          

·         Сорочкон цамц- 20,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)- 98,700₮          

·         Зангиа-5,000₮

                “ШИЛМЭЛ ЗАГВАР” ХХК

Бага анги /I-V анги/

·         Эмэгтэй сарафан- 41,000₮              

·         Сорочкон цамц- 16,000₮

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 63,000₮

·         Зангиа-3,000₮

Дунд анги /VI-IX анги/      

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 79,000₮

·         Сорочкон цамц- 18,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)- 76,000₮          

·         Зангиа-3,000₮

Ахлах анги /X-XII анги/    

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 109,000₮               

·         Сорочкон цамц- 19,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)- 99,000₮          

·         Зангиа-5,000₮

                “БАТЗҮҮ” ХХК

Бага анги /I-V анги/

·         Эмэгтэй сарафан- 39,000₮         

·         Сорочкон цамц- 11,000₮

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 43,900₮

·         Зангиа - 2,500₮

Дунд анги /VI-IX анги/      

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 59,900₮   

·         Сорочкон цамц- 13,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)- 59,900₮          

·         Зангиа- 3,500₮

Ахлах анги /X-XII анги/    

·         Эрэгтэй хүрэм, өмд (хос)- 59,900₮   

·         Сорочкон цамц- 13,000₮

·         Эмэгтэй хүрэм, юбка (хос)- 59,900₮          

·         Зангиа- 3,500₮

Т.Энхтогтох

Холбоотой мэдээ