Сурагчийн дүрэмт хувцсыг 140 цэгээр борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-25 14:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бэлтгэлийн талаар дараах 5 багц сэдвээр мэдээлэл өглөө.


1.Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтын төлөвлөлт

“Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, нийт 34 344 багш, ажилтан оролцуулахаар төлөвлөсөн.

Наймдугаар сарын 21-ний өдрийн мэдээгээр 14-21-ний өдрийн хооронд 13 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1-2 өдрийн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр хийж 19 626 багш ажилтан хамрагдсан байна. Наймдугаар сарын 24-27-нд бусад 8 аймаг сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сургалт явуулах хэлбэрийн хувьд танхим, цахим, холимог хэлбэрээр сургалтыг зохион байгуулж байна.


2. ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчийн бүртгэлийн явц, бүртгэлд хамрагдалтын хувь

Улсын хэмжээнд наймдугаар сарын 6-наас эхлэн 1 дүгээр ангийн хүүхдийн бүртгэж байна. Хүн ам олноор суурьшдаг аймаг, нийслэлийн сургуулиудын олонх нь цахимаар, харин хөдөө орон нутгийн сургуулиуд уламжлалт буюу баримт бичигтэйгээ биечлэн очиж бүртгүүлж байна. 8 дугаар сарын 21-ний байдлаар бүртгэлд хамрагдалтын хувь орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна. Улсын дүнгээр 59 хувьтай байна. Бүртгэлийн ажил үргэлжилж байна.


3. Мэргэжлийн багшийн хангалт, эрүүл мэндийн үзлэгийн явц байдал

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ орон нутагт 95 хувь, нийслэлд 89 хувь байна. Улсын дундаж 90.3 хувь байна. Ихэнх аймаг, дүүрэгт энэ сарын 24-28-нд багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэж урьдчилсан төлөв харагдаж байна. 9 дүгээр сарын 1-нд хичээлийн жил эхлэхэд шаардлагатай мэргэжлийн багшийн хангалтын үзүүлэлт ахисан байна гэж үзэж байна.

Сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан байдлаас харвал, 1)Бага ангийн багш, 2)Математик, 3) Гадаад хэл, 4) Дуу хөгжмийн багш, 5) Хими, хими-биологи, биологи мэргэжлийн багш илүү дутагдалтай байна. Мөн технологи, монгол хэл уран зохиолын багшийн сул орон тоо цөөнгүй байна.

Ерөнхий боловсролын салбарт 52 884 багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн ба энэ үзүүлэлт орон нутагт 53 хувь, нийслэлд 47 хувь байна. Улсын дундаж 48 хувьтай байна.


4. Дүрэмт хувцас, сурах бичгээр хангах ажлын явц

Аймаг, нийслэлийн хэмжээнд албан ёсны 140 борлуулалтын цэгээр дамжуулан, тохирлын гэрчилгээтэй 66 компани сурагчийн дүрэмт хувцсыг борлуулж эхлээд байна. 21 аймаг, 9 дүүрэгт нөхөн хангалтын сурах бичгийг хүлээж авах ажлын явц 77 хувьтай байна. Нөхөн хангалтын сурах бичгийг сургуулиудад хүргэх ажлыг шуурхайлна.


5. Хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургалтад анги танхим, сургууль орчмын бүсийг бэлтгэж байгаа явц

Наймдугаар сарын 21-ний байдлаар нийт сургуулийн 89 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг хийгээд байна. Есдүгээр сарын 1 гэхэд 3 дахь удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг бүх сургуульд хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Нийт сургуулиудад суралцагчийн гар угаах нөхцөлийг нэмж бүрдүүлж байгаа ба 2160 угаалтуурыг нэмж бий болгосноор нийт угаалтуурын тоо 22 124 байна. Нэг угаалтуурт дунджаар 46 хүүхэд ногдож байна.

Холбоотой мэдээ