Станцууд 20-иос дээш хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 14:56:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, станцуудын өвлийн бэлтгэл бэлэн байдал, нүүрсний нөөцийг хангахыг холбогдох сайд, агентлагийн  дарга нарт үүрэг болголоо. 


Тодруулбал, Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах, Дулааны цахилгаан болон дулааны станцууд 20-иос дээш хоногийн нүүрсний нөөцтэй байх, аваар ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг даалгав. 


Мөн “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгахыг чиглэл болгов. 


Түүнээс гадна аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулахыг даалгав. 


Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн байхаар тооцох, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэл, компанийн удирдлагуудад үүрэг болгов.  Дээрх бэлтгэл бэлэн байдлын ажлын дүнг нэгтгэн ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгав.

Холбоотой мэдээ