“Зэс Эрдэнийн хувь” ХК хайгуулын гэрээгээ сунгахыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-18 09:16:33
oyuka_hu@yahoo.com

“Зэс Эрдэнийн хувь” ХК  Орхон аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уг компани катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрээ байгуулахад ус, цахилгаан эрчим хүч, газрын асуудал тулгарчээ.

Үүнийг орон нутаг болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай ярилцаж шийдэхээр дээрх уулзалтыг зохион байгуулсан байна. “Зэс Эрдэнийн хувь” ХК “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал 12, 8а овоолго ашиглаж катодын зэс үйлдвэрлэнэ. Ингэхдээ дээрх овоолго дахь технологийн бус исэлдсэн 20 гаруй сая тонн хүдрийг дахин боловсруулах юм. Үйлдвэрээ барихдаа Герман Улсын “Бльюмон” групптай хамтран ажиллахаар болсон ч тус групп үйлдвэрийн газрын гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь хоёр тал аль аль нь хариуцлагатай байх зарчмын хувьд хийж буй ажил гэлээ. Учир нь уг үйлдвэрийг барихад 90 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дээрх үйлдвэр барих 60.5 га газрыг “Зэс Эрдэнийн хувь” ХК-д эзэмшүүлэх гэрээ байгуулж хайгуул хийх зөвшөөрөл өгсөн. Гэвч энэ гэрээ нь ирэх есдүгээр сард дуусна. Иймд гэрээ сунгах болон газар эзэмших гэрчилгээг орон нутгийн дэмжлэгтэйгээр шийдэхээр уг уулзалтыг зохион байгуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ