Энэ хичээлийн жилд 28 мянган хүүхэд суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-09-01 12:25:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 2020-2021 оны хичээлийн шинэ жил намдуухан эхэллээ. Халдварт цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хичээлийн шинэ жилийн нээлтийг энэ удаа уламжлал ёсоор хийхгүй, өглөөний 08 цагаас сурагчид шинэчилсэн дүрэм, журмын дагуу эхний хичээлдээ орлоо.

Энэ жил ерөнхий боловсролын 31 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 50 орчим байгууллагад 2500 гаруй багш, ажилчид ирээдүйн оюунлаг, хүчирхэг иргэнийг төлөвшүүлэн сургахын төлөө шамдан ажиллаж, 28 мянга гаруй сурагч, хүүхдүүд эрдмийн аяндаа түүчээлэн суралцах юм.

Аймгийн болон боловсролын салбарын удирдлагын зүгээс Эрдмийн баярын мэндчилгээг цахимаар хүргэсэн бөгөөд энэ үеэр БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэлэхдээ “Өмнөх хичээлийн жилд бид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж, чиглэл авч, онлайн сургалтыг нэгж бүр дээр амжилттай зохион байгуулсны үр дүнд ЭЕШ-аар 530 хэмжээст оноо авч улсад тэргүүлсэн, мөн Баянгол сумын цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан гэх амжилтыг үзүүллээ” гэв.

Энэ сард өмнөх жилийн хичээлийг бататгах бөгөөд эцэг эхчүүдийг сургууль, багш нартайгаа байнгын холбоотой байж, хүнд үеийг даван туулахад багаараа хамтран ажиллахыг уриаллаа.

Холбоотой мэдээ