Сургуулийн дотуур байранд багшийнхаа нэрэмжит номын санг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-02 09:10:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд тус сургуулийн төгсөгчид номын сан байгуулж өглөө.

Тус сургуулийн 12 дахь төгсөлтийн хамт олон сургуулийнхаа 80 жилийг ойг тохиолдуулан ангийнхаа багшийн нэрэмжит номын санг байгуулж ийнхүү сургуульдаа гардуулсан байна. Тэдний ангийн багш Д.Цэцэг нь монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж тус сургуульд залуу насныхаа эрч хүч, оюуны хөдөлмөрөө зориулсан нэгэн байжээ. Уг хамт олон сургуулиа дүүргээд 27 жил болж байгаа бөгөөд тус тусынхаа эзэмшсэн мэргэжил дадлага туршлагаа эх нутгийнхаа хөгжилд зориулж яваа аж.

Номынхаа санг сүүлийн үеийн загвараар тохижуулж өгсөн шинэлэг, онцлог байна гэдгийг хүлээж авсан сургуулийн болон сумын удирдлагууд хэлж байсан юм. Хамт олны зүгээс энэхүү номын санг тохижуулан 200 гаруй номтойгоор хүлээлгэн өгсөн бөгөөд жил бүр номын баяжуулалтыг хийж явна гэсэн юм.

Холбоотой мэдээ