Ургацын урьдчилсан балансыг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-02 11:05:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар үр тариа 7849 га-д, тосны ургамал 901 га-д, малын тэжээл 3000 га-д, төмс 264 га-д, хүнсний ногоо 140 га-д, жимс жимсгэнэ 150 га талбайд тус тус тариалж, нийт 12304 га талбайд тариалалт хийсэн.

Энэ жилийн хувьд хаврын хөрсний чийг дутмаг, хур бороо оройтож 6 дугаар сарын сүүлээр орсон тул ургацын болц удааширч, одоогоор сүүн болцоос аарцан болцонд шилжих шатандаа байна.

Тариа хураалын ажил 9 дүгээр сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.

Энэ жилийн хаврын тариалалтын үед хур бороо ороогүй, хөрсний чийг дутмаг, гандуу байснаас шалтгаалан соёололт оройтсон.

6 дугаар сарын 17-ноос эхлэн хур бороо орж таримлын ургац хэвийн болж ирсэн ч мөндөр, үер их хэмжээгээр орж, Өлзийт, Эрдэнэбулган сумын 844 га талбайн улаан буудай тэжээлд шилжих төлөвтэй байна.

Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан балансаар:

1. Улаан буудай 1 га –гаас 10-12 цн нийт 6795 га талбайгаас 7688 тн

2. Тэжээл 1 га-гаас 25 цн нийт 3844 га талбайгаас 9612 тн

3. Тосны таримал 1 га-гаас 8 цн нийт 901 га талбайгаас 720.8 тн

4. Төмс 1 га-гаас 100 цн нийт 267.1 га талбайгаас 2671 тн

5. Хүнсний ного 1 га-гаас 105 цн нийт 139.5 га талбайгаас 1520.7 тн-ийг тус тус хураан авахаар байна.

Уриншийн хөрс боловсруулалт 12285 га талбайд хийхээс өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Холбоотой мэдээ