“Монголын нууц товчоон-780” эрдэм шинжилгээний хурал болно

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-09-02 18:08:49

Улаанбаатар/МОНЦАМЭ/“Монголын нууц товчоон-780” эрдэм шинжилгээний хурлыг Соёлын яам, Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс энэ оны 11 дүгээр сарын 13-нд зохион байгуулна.


Энэхүү хурлын ач холбогдол, зорилго, үйл ажиллагааны талаар доктор Г.Алтансүхээс тодрууллаа.

-Уг хурлыг зохион байгуулах шалтгаан ач холбогдол нь юу вэ?

-“Монголын нууц товчоо” бол монгол хэлээр, хааны ордонд бичигдсэн Их монгол улсын төрийн албан түүх юм. Ийм учраас манай улсад “Монголын нууц товчоон”-ы түүхэн тэгш ойг тэмдэглэдэг. Энэ жил Монголын нууц товчоог бичиж дуусгасны 780 жилийн ой тохиож байна. Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь “Монголын нууц товчоо” судлалыг гүнзгийрүүлэх, судалгааны зарим маргаантай асуудлыг шийдвэрлэх, түүхэн үнэ цэн, ач холбогдлыг нь олон нийтэд сурталчлан таниулахад чиглэж байгаа.


-Эрдэм шинжилгээний хуралд ямар сэдвийн илтгэлүүдийг хэлэлцүүлэх вэ?

-Монголын нууц товчооны сурвалж судлал, эх бичгийн судалгаа, Монголын нууц товчооны түүх бичлэгийн судалгаа, Монголын нууц товчоон судлалын түүх гэсэн гурван чиглэлээр, 2020 оны 10 сарын 9-нийг хүртэл илтгэл хүлээн авна.


-"Монголын нууц товчоо" судлалд ямар чиглэлийн судалгаа нэн түрүүнд үгүйлэгдэж байна вэ?

-Монголын нууц товчооны эх бичгийн судалгаа хамгийн чухал. Бүх үг, өгүүлбэрийг нь бүрэн сэргээж, тайлан унших нь үе үеийн судлаачдын хувьд чухал зорилт байсаар ирсэн. Энэ нь Монголын түүх, хэл шинжлэл, соёлын судалгаанд чухал ач холбогдолтой ажил болно. Мөн түүнчлэн, “Монголын нууц товчоон”-д байгаа төр ёс, нийгмийн байгуулал, төрийн бүтэц, зохион байгуулалтын судалгаануудыг шинээр хийх ёстой. Учир нь, Монголын нууц товчоон бол Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн өөрийн хэлээрээ бичиж үлдээсэн хамгийн анхны төрийн албан түүхэн юм. Энэ утгаараа эртний нүүдэлчдийн төр, нийгмийн байгууллын судалгаанд юутай ч зүйрлэшгүй чухал сурвалж болдог.

С.Туул

Холбоотой мэдээ