Ж.Байден өнгөт арьст иргэд рүү гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцохыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-03 16:17:55

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден Африк гаралтай Америк иргэд болох Жейкоб Блейк, Бреонна Тейлор нар луу гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцохыг лхагва гарагт уриалжээ.


Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон хотод хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү хэлжээ. АНУ даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөхөд хүргэсэн тэдгээр хэрэгт ямар ял ногдуулах талаар тэрбээр тодорхой дурдаагүй байна. 



Висконсин муж улсын Кеноша хотод өнгөрсөн наймдугаар сарын 23-нд 29 настай Ж.Блейк нуруу руугаа долоон удаа буудуулсны улмаас хүнд гэмтжээ. Одоогийн байдлаар уг хэрэгт холбоотой цагдаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд хуулийн байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа юм байна.


Мөн Кентукки муж улсын Луисвилл хотод өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд 26 настай Бреонна Тейлор мансууруулах бодисын гэнэтийн шалгалтын үеэр цагдаа нарт буудуулж, гэртээ амиа алджээ. Уг хэрэгт холбоотой гурван цагдаагийн нэг нь ажлаасаа халагдсан бол нөгөө хоёр цагдаагийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул түр чөлөөлөгдөөд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ