Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-07 10:56:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотноо Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Энэхүү төв ашиглалтад орсноор аймгийн хүн амын 50 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд хамтдаа хөгжин дэвших, сайн туршлагаа хуваалцах, манлайллаа нэмэгдүүлэх, цаашлаад шийдвэр гаргах түвшинд олноороо сонгогдон ажиллах өргөн боломжууд нээгдэж байна.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийг 2019 онд шинэчлэн зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсээр байгаа юм. Ялангуяа аймаг орон нутгийн туслалцаатайгаар өөрийн гэсэн орон байртай болж, түүнийгээ тохижуулан үүд хаалгаа нээж буй нь хамгаас талархууштай байлаа.

Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр оролцогчдыг идэвхжүүлэх бүтэн өдрийн сургалт семинар болсон бөгөөд энэ үеэр олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан юм. Мөн урд өдөр нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Өв тээгч бүсгүйчүүд” зөвлөгөөнийг Тариалан суманд зохион байгуулсан нь сонирхолтой, сонин содон ажил болсон юм. Энэхүү үйл ажиллагааны талаар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэсүрэнээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр:

-Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл маань төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, бизнес эрхлэгч, малчин эмэгтэйчүүдийнхээ хүсэл зоригийг нэгтгэж ажилласнаар орон нутгийн төсвөөс энэ сайхан байрыг тохижилтын хамт шийдүүлэн авч өнөөдөр Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн нээлтээ хийж байна. Ингэснээр Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвд зөвхөн бидний ирээдүй болсон хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг ярихаас гадна тэдний ээжүүдийг хөгжүүлэх боломж нээгдлээ. Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв маань сургалтын өрөөнөөс гадна оффис өрөөтэй бөгөөд энд эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг идэвхжүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахад манай үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.

Манай салбар зөвлөлийн дэргэд охидын зөвлөлийн “Нахиа” клубыг байгуулж, өнөөдөр мөн нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд хөдөөгийн 16 сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар ирж оролцож байна. Мөн аймгийн төвийн 45 байгууллага дэргэдээ эмэгтэйчүүдийн зөвлөлтэй болсон бөгөөд тэдний төлөөлөл, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, албан газрын дарга эрхлэгч нар, хувиараа бизнес эрхэлдэг бүсгүйчүүдийн төлөөлөл гэх мэт нийтдээ 90 гаруй хүн оролцлоо.

Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн сургагч багш нар ирсэн. Ингэснээр эмэгтэйчүүдийг идэвхжүүлэх сургалт зөвлөгөөн хийхээс гадна цаашдаа төсөл хөтөлбөрт хамруулах боломж нээгдэж байна. Ялангуяа цаашдаа ажил идэвхтэй эрж байгаа, амьдралын түвшин доогуур эмэгтэйчүүдийгээ төсөл хөтөлбөрт хамруулах талаар анхаарч ажиллана.

Өнгөрсөн 5-р сард манай салбар зөвлөлөөс санаачлаад “Мөнхийн хөршдөө тусалъя” аяныг өрнүүлж 35,8 сая төгрөг цуглуулан ОХУ-ын Тува улсад хүргүүлсэн нь, хоёр орны хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэхүйц нүдээ олсон ажил болсон юм гэлээ.

Холбоотой мэдээ