Монгол Улсын Гавьяат малчин С.Цэгмидэд “Цэргийн гавьяаны одон” гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-11 11:50:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийг “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнажээ.

Шагналыг БХЯ-ны Захиргаа хэлтсийн дарга хурандаа Ө.Эрдэнэ-Очир, тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Г.Цэрэндолгор нар нутагт нь очиж гардуулан өгчээ.

Тэрээр Монгол-Зөвлөлтийн найрамдлын баталгаа, Дэлхийн II дайны хүнд жилүүдэд Монгол Улс ЗХУ (хуучин нэрээр)-д тусламж хүргэж, сэтгэлийн маш их дэм өгч байсны бэлэг тэмдэг болсон амьд гэрч юм.

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож, түүнийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнаж, ОХУ баримтат кинондоо мөнхжүүлж, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд зурагт самбараар сурталчилж, ойн медалиар шагнасан төдийгүй ОХУ-ын Төрийн дээд шагнал, Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах зарлиг гаргажээ.

18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран Улсын малчдын анхдугаар чуулганд оролцон тэндээсээ шалгарч, фронтод бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан, 80 гаруй жил мал малласан түүнийг өнгөрсөн сард Монгол Улсын "Гавьяат малчин" цолоор шагнаж, Ерөнхийлөгч Х.Баттулга Дундговь аймагт ажиллахдаа гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Гавьяат малчин, Ахмад дайчин, “Цэргийн гавьяаны одон”-т С.Цэгмид өдгөө сумандаа үр ач нартаа мал маллах арга ухааныг заан, хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хар толбо үлдээсэн дайны уршиг, түүхэн үнэнийг залуучуудад хүүрнэн сууна.

Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж,  1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 вагон бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

“Уранхай шинельтэй, уранхай бакалтай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг юм. 

Холбоотой мэдээ