Өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр заавар чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-11 13:57:43

Увс /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалт, зөвлөгөөн”-д Увс аймгийн удирдлагууд оролцоод иржээ. Энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт болсон зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцож, баруун бүсийн аймгуудын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр заавар чиглэл өгсөн байна.

Тухайлбал, цаг агаарын гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх, өвс тэжээл ахиу нөөцлөх, мал, мах бэлтгэх, цаашлаад малчдын отор нүүдэл, төв суурин газрын дулаан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгажээ. Тэрчлэн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, Онцгой байдлын анги салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.  

Баруун аймгуудын хувьд Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар эрт цасан бүрхүүл тогтож, өвлийн улирал үргэлжлэх хугацаа урт байдаг онцлогтой тул өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс онцгой анхаарах шаардлагатай гэж Засгийн газраас үзсэн байна. 

Холбоотой мэдээ