Соёл урлагийн үйлчилгээг хөдөөгийн баг бүрт хүргэнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-09-11 16:22:49

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Соёлын цаг” хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийлээ. Тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, соёл урлагийн байгууллагууд нэгдэж “Танай багт, танай суманд-Таны дэргэд “уриатайгаар хөтөлбөрийг эхлүүлж байна. 

Хөтөлбөр 24 суманд "Соёлын цаг" нэртэйгээр энэ сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудад "Соёлын өв хуримтлал Театр, соёлын төвийн урын сангийн баяжилтад нөлөөлөх нь" нэртэй сургалтыг явуулжээ.

Мөн аймгийн музей, номын сангаас соёлын өв, тэдгээрийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр 24 сумын соёлын ажилтнуудад сургалт явуулсан байна. Хөтөлбөрийн хүрээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед соёл, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд соёлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах. Урлаг уран сайхан, музей, номын сангийн явуулын үйлчилгээг хүргэх. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүүхэд залуучууд, хөдөөгийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг авах боломжоор хангаж технологи ашиглан явуулах юм гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээлэв.

Ташрамд энэ хөтөлбөрийг Соёлын яам, НЗДТГ-тай хамтран наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Завхан аймгийн тухайд тус хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Хөгжимт жүжгийн театр, 23 сумын соёлын төв, аймгийн Музей, Төв номын сан, СУИС-ийн салбар ХБК, МУЭ-ийн Завхан салбар, "Боролдой номын" дэлгүүр зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. 


Холбоотой мэдээ