Нийгмийн даатгалын сангийн орлого 4,9 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-15 15:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 8 сард 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.5 (4.9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 53.5 (4.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний 8 сард 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 340.0 (20.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 209.1 (17.1 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 117.8 (1.2 дахин) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 13.7 (16.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлсэн.

Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний 8 сард 13.7 мянган хүнд 33.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 666 (4.6 хувь) хүнээр багасаж, олгосон тэтгэмжийн хэмжээ 7.8 (29.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Засгийн газраас Коронавирус халдвар цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажилладаг даатгуулагч болон сайн дураар даатгуулагчдад өнгөрсөн 7 дугаар сараас сар бүр 200.0 мянган төгрөгийн дэмжлэг олгож байна. Энэ оны эхний 8 сард 200.0 мянган даатгуулагчид (давхардсан тоогоор) 40.0 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ.

Холбоотой мэдээ