ХӨСҮТ-ийн био лаборатори удахгүй ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-15 17:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай хэмээн өнөөдөр болсон хамтарсан уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлов.


Тэрбээр наймдугаар сарын 26-наас лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалт зохион байгуулж буй.

Өнөөдрийн уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Тэрбээр, “ХӨСҮТ Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээдэг. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын 2021-2030 оны стратегийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улс өнөөдрийг хүртэл вакцинжуулалтад хамрагдсанаар халдварт саа өвчин, улаан бурхан өвчний тархалтыг зогсоож чадсан.  Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ковид 19”-ийн оношилгоо, шинжилгээг давтагдсан тоогоор 59 мянга 208 хүнд хийж, 311 нь эерэг үзүүлэлттэй гарч эмчлээд явж байна. Ковид-19 бэлэн байдлыг хангах хүрээнд 250 ор бэлдэж, эрчимт эмчилгээний сургалтын модуль боловсруулж, долоон аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн сайдаас одоо байгаа 250 орыг 450 болгон нэмэх чиглэл өгч, дэмжиж байгаа. Бид орны тоог  нэмж, эмч нараа бэлтгэх, нөөцөө  улам сайжруулахаар  зорьж байна. Аливаа байгууллагын хөгжил  ажиллаж буй баг хамт олны чадавх, хариуцлага, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул бид болзошгүй эрсдэлийг хохирол багатай давахад анхаарна” хэмээн онцоллоо.  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж рүү, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай. Энэ тал дээр ХӨСҮТ өндөр үүрэгтэй ажиллах ёстой. ЭМЯ бодлогоор сайн дэмжиж өгнө. Цаашид өрх, сумын төвшинд халдварт өвчнийг эрт илрүүлэхэд анхаарна.  Эрүүл мэндийн байгууллагууд шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалт ихээхэн хийдэг. Тухайлбал GeneXpert -ээр 21 аймгийн лаборатори хангагдсан. Гэтэл түүнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа эсэх,  хэрэглээ болгоход  удирдлагууд хэр хянаж байгааг анхаарна. Өөрөөр хэлбэл худалдан аваад орхидог биш, түүнийг ашиглах, хэрэглээ болгоход  дутагдалтай байна.
Олон жил ашиглалтад оролгүй царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад яаралтай оруулахаар Засгийн газар, ЭМЯ-наас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталсан. Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8568 ам дөрвөлжин метр талбай, 5 давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна.


Тус лабораторийг ашиглалтад оруулснаар ХӨСҮТ-ийн боломж нөөц, “Ковид-19”-ийн эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэх боломж бүрдэнэ.

Одоо томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн бэлтгэл ажлууд хийж байна. Ирэх сарын 1-нээс томуугийн вакцинжуулалт хийж эхэлнэ. Энэ жил онцгой үе давхцаж байгаа тул үндэсний төв нэлээн анхаарах шаардлагатай” хэмээв.


Холбоотой мэдээ