Нийт 4 га талбайд ойн зурвас байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-16 17:54:32

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын ЗДТГ, "Ногоон Ази" ТББ, Өгийн хишиг жуулчны баазтай хамтран Өгийнуурыг цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах, усны ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор нуурын эрэг дагуу 10000 гаруй хайлаас, улиасыг тарьж, хашаа хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Үүнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тарьц, суулгацын дэмжлэгийг үзүүлсэн байна. Нийт 4 га талбайд ойн зурвас байгуулжээ.

Засгийн газраас Өгийнуур, Ганга нуурын нөхөн сэргээлтийг онцгой анхаарч ажиллах тогтоол гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилогдон суваг татах боломжийг судалж, Өгийнуурын усны ундаргыг нэмэгдүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор нуурын эрэг дагуу 0.9 га талбайг хашиж, ойн зурвасыг байгууллаа. Нуурыг хамгаалан нийт 1400 ширхэг улиасыг 7.0 сая төгрөгийн зардлаар тарьсан.

Мөн Өгийнуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалж, урсацыг сайжруулах түлхүүр гардуулах нөхцөлтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 8 км урттай шуудуу, нуурын эргээс 150 метрийн зайтай хамгаалалтын бүсийн 13 мянган шонг зоогоод байгаа аж.

Өгийнуурын бохирдолт, ширгэлтээс хамгаалж урсацыг сайжруулах төслийн хүрээнд Орхон голын урсацын судалгаа хийнэ. Судалгааны үр дүнд үндэслэн газар тариалан, хөдөө аж ахуйд гадаргын усыг ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх ажлыг 2021 онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ