Билл Гейтс: Ирэх оны эхээр хэд хэдэн вакцин хэрэглээнд нэвтрэх боломжтой

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 12:03:01

ПАРИС. /TASS/. Олон улсын шинжлэх ухааны нийгэмлэг “COVID-19”-н хэд хэдэн вакциныг гарган авч 2021 оны эхээр хэрэглээнд нэвтрүүлж чадна гэж үзэж байгаагаа “Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ. 


“Ирэх оны эхээр хэд хэдэн вакциныг гарган авснаар улс орнуудын нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн халдварт өвчний тархалтыг зогсоох боломжийг олгох юм. Ирэх он гэхэд зарим чинээлэг оронд цар тахал байхгүй болно гэж найдаж байна” хэмээн Б.Гейтс хэлэв. Зарим улс оронд вакцины хөгжүүлэлт хийгдэж, үр дүнтэй байгаагаас үндэслэн тэрбээр ийм таамаглал гаргажээ.


Өрнөдийн орнуудад хамгийн том таван эмийн компани судалгаа явуулж байгааг тэрбээр сануулж урьд өмнө нь эдгээр компани вакцин гарган авах ажлыг нэгэн зэрэг ийм хурдтайгаар явуулж байгаагүй болохыг цохон тэмдэглэв.


"Үр дүнтэй вакцин гарган авбал дор хаяж хөгжингүй орнууд өвчнийг бүрэн ялах боломжтой. Хөгжиж буй орнууд хүн амын тоогоор илүү учир өвчнийг ялан дийлэхэд илүү хугацаа шаардагдана. Гэсэн ч үр дүнтэй вакциныг хүн бүхэнд хүрч болохуйц байлгах нь чухал юм” хэмээн Б.Гейтс хэлсэн байна. 

Холбоотой мэдээ