“Авраамын гэрээ” ба шинэ Ойрхи Дорнод

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-09-17 16:32:22

Мягмар гарагт Цагаан ордонд нэгэн түүхэн үйл явдал болж, АНУ-ын зуучилснаар Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/, Бахрейн гэсэн арабын ертөнцийн хоёр улс Израильтай харилцаагаа хэвийн болгох тухай хэлэлцээр байгууллаа.


Үүнээс нэг сарын өмнө Израиль, Эмират хоёр эвлэрэх тохиролцоонд хүрч, хэлэлцээр байгуулсныг олон улсын шинжээчид “Авраамын гэрээ” гэж нэрлэсэн бол өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Бахрейн улс еврейн улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ. 


Гарын үсэг зурах ёслолд оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэлцээрийн ач холбогдлыг үнэлэхдээТүүхийн үйл явцыг өөрчлөхийн тулд бид бүхэн энд хуран цуглаад байна. Олон арван жилийн хямрал, хуваагдлын дараа шинэ Ойрхи Дорнодын эхлэлийг тавьж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Түүний ярьснаар, Арабын өөр 5 улс Эмират, Бахрейн хоёрын жишээгээр Израильтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаа аж. Гэхдээ эдгээр нь ямар улсууд вэ гэдгийг Америкийн Ерөнхийлөгч тодорхой хэлсэнгүй. Харин шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ нь юуны түрүүнд Персийн булангийн Оман улс бололтой.


Ёслолын үеэр Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху үг хэлэхдээ “Өнөөдөр бол түүхэн дэх эргэлтийн цаг мөч мөн. Энэ өдөр энх тайвны шинэ эрин үе эхэлж байна. Үйл явц цаашдаа Арабын бусад улс орнуудыг хамран өргөжсөнөөр Араб-Израилийн мөргөлдөөнийг эцэс болгоход тус дөхөм үзүүлнэ” гэлээ.


Арабын хоёр улстай харилцаагаа хэвийн болгосныхоо хариуд Израиль улс Иордан голын баруун эрэг дэх Палестины нутаг дэвсгэрийг /еврейн суурингууд байрладаг/ өөртөө нэгтгэх төлөвлөгөөнөөсөө татгалзаж байна. Энэ нь Палестин-Израилийн сөргөлдөөнийг зохицуулахад чиглэсэн Д.Трампын төлөвлөгөөнд тусгагдсан заалт бөгөөд төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн Цагаан ордны ахлах зөвлөх Жаред Кушнер /Трампын хүргэн/ цаашдаа арабын бүх 22 улс Израилийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.  


Эмират, Бахрейн хоёр бол Израильтай албан ёсоор эвлэрлийн гэрээ байгуулсан Арабын ертөнцийн 3 ба 4 дэх улсууд юм. Өмнө нь 1979 онд Египет улс, 1994 онд Иордан улс Израильтай харилцаагаа хэвийн болгож байсан билээ. Тэртээ 40 гаруй жилийн өмнө социалист орнуудын олон улсын тоймчид “Египет, Израиль хоёр Кэмп-Дэвидэд салангид хэлэлцээр байгуулж, арабуудын эрх ашгаас урвасан” тухай байнга давтан ярьж байсныг 60-аас дээш насныхан сайн санаж байгаа болов уу.

Зүүн гараас: Анвар Садат, Жимми Картер, Менахем Бегин нар Кэмп-Дэвидийн гэрээнд гарын үсэг зурсны дараа. 1979 он 


“Салангид гэрээний ачаар” египетчүүд Израильд эзлэгдээд байсан Синайн хойгийг харьцангуй сайн хөгжсөн дэд бүтэцтэй нь хамт буцаан авсан төдийгүй АНУ-аас цэрэг-санхүүгийн тусламж хүртэх болсноор аюулгүй байдлаа бэхжүүлж чадсан билээ.  Үүнээс 15 жилийн дараа 1994 онд Израильтай дипломат харилцаа тогтоосон Иордан улс мөн адил аюулгүй байдлаа бататгаснаас гадна байгалийн хий, ундны усны гачигдлаас гарчээ.  


Энэ удаад Израильтай эвлэрлийн гэрээ байгуулсан АНЭУ, Бахрейн хоёр аюулгүй байдлаа бэхжүүлэх төдийгүй еврейн улстай худалдаа-эдийн засаг, аюулгүй байдал, батлан хамгаалах, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, олон тэрбум долларын орлого олох үүд нээгдэж байна.



Персийн булангийн орнуудын хувьд, нефть, байгалийн хийгээс хэт хамааралтай байдлаас ангижирч, эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усжуулалт, усан хангамж, цөлжилттэй тэмцэх салбарт израильчуудын гарган авсан хосгүй технологиуд, инновацийн ололтуудыг ихэд сонирхож байгаа юм. Эмират, Бахрейн хоёрын санхүүгийн үлэмж их нөөц нь Израилийн супер технологитой хосолсноор хөгжлийн асар их боломж гарч ирнэ гэж “Нью-Йорк таймс” сонинд дүгнэн бичжээ.


Ираны эсрэг эвсэл байгуулагдсан уу?


Стратегийн үүднээс авч үзвэл, Израиль болон Персийн булангийн орнууд хоорондоо эвлэрч буйн нэг гол шалтгаан нь эдгээр улсууд Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг бусниулагч гэгдэж буй Ираны эсрэг сөрөн зогсохоор шийдсэн явдал гэдгийг ВВС-гийн тоймч Г.Атанесян дурдлаа. Тэгээд ч бахрейнчууд Иранаас ихэд болгоомжилдог бөгөөд учир нь, 1969 оныг хүртэл Тегераны эрх баригчид Бахрейнийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж тооцдог байжээ.


“Авраамын хэлэлцээр”-ийг Ираны тал буруушаана гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Ираны Дээд удирдагч аятолла Хаменеи мэдэгдсэнээр, Израильтай харилцаагаа хэвийн болгосноороо АНЭУ нийт исламын ертөнц ба палестинчуудаас урван тэрсэлж байна.


Гурван талын оролцоотой хэлэлцээр байгуулагдсанаар Трампын хоригийн улмаас эдийн засгийн хямралд ороод буй Иран улс стратегийн талаар ч мөн хүнд байдалд орж, Персийн буланд маневр хийх орон зай нь хумигдах болно. Тус бүс нутаг дахь АНЭУ-ын газарзүйн ашигтай байрлалыг израильчууд ашиглан цөмийн объектуудыг нь бөмбөгдөж магадгүй гэдгээс Тегеран болгоомжилно гэж ВВС-гийн тоймч Жереми Боуэн үзжээ.


Ираны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Мохаммад Багери мэдэгдэхдээ “Персийн булангийн аюулгүй байдлыг бусниулсны хариуцлагыг Абу-Даби хүлээх ёстой” гэсэн нь нэг ёсондоо АНЭУ-ыг айлган сүрдүүлсэн хэрэг байлаа.


Палестинчуудын дургүйцэл  


Ойрхи Дорнодын асуудал бол тун эмзэг сэдэв бөгөөд Эмират, Бахрейн хоёр Израильтай харилцаагаа хэвийн болгосноор тус бүс нутагт удаан хүлээсэн энх тайван цаг ирлээ гэж дүгнэхэд дэндүү эрт байна. Тодорхой хэлбэл, Израиль-Палестины хямралыг зохицуулах асуудал шийдэгдээгүй цагт Ойрхи Дорнодод нөхцөл байдал дэлбэрэх аюултай хэвээр байх болно гэдгийг шинжээчид хэлж байна.


Палестины эрх баригчид Израильтай тохиролцоо хийсэн АНЭУ-ыг шүүмжлэн буруушааж, Абу-Дабигаас элчин сайдаа эргүүлэн татаж, энэ сарын 9-нд болсон Арабын улсуудын Лигийн хуралдааны үеэр “Авраамын гэрээ”-г буруушаасан тогтоолын төслийг танилцуулжээ. Палестинчуудын "израильчуудтай хуйвалдан, ар нуруунд хутга шаасан" АНЭУ, Бахрейны үйлдлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Палестины бүх хотод болж байна. 


Палестины улс төрийн судалгааны төвөөс явуулсан санал асуулгад оролцсон палестинчуудын 86 хувь нь “Авраамын хэлэлцээр” бол зөвхөн Израилийн эрх ашигт нийцсэн гэж хариулснаас гадна “Бидний оролцоогүйгээр бидний асуудлыг шийдлээ” хэмээн илт дургүйцэж байна.   


Палестины дүн шинжилгээний “Аль-Шабак” төвийн шинжээч Дана эль Курд-ын үзэж байгаагаар, Израиль, Бахрейн хоёр харилцаагаа хэвийн болгохоор шийдвэрлэсэн нь Арабын улсууд 2002 оны “Арабын энхийн санаачилга”-д итгэл алдарч, Палестины асуудлаар ямар ч ахиц дэвшил гараагүйд сэтгэл дундуур байгаагийн илрэл ажээ.


Уг санаачилгын гол зорилго бол израильчууд 1967 онд эзэлж авсан газар нутгаасаа гарч явж, Иордан голын баруун эрэг, Газын зурваст байгуулагдах Зүүн Иерусалим гэдэг нийслэлтэй Палестины улсыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Арабын орнууд Израильтай харилцаагаа хэвийн болгох явдал юм.   


Нетаньяху, Трамп хоёрын нэр хүнд дээшилсэн нь  


Трампын хувьд, Израилийг арабын хоёр улстай эвлэрүүлж чадсанаар гадаад бодлогодоо маш том амжилт олсноос гадна ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө Израилийг дэмждэг Америкийн евангалийн шүтлэгтнүүдийн дунд нэр хүндээ өсгөж, “хэлэлцээний мастер” гэдэг алдар нэрээ хамгаалж чадлаа. Тэр ч байтугай Израиль ба Арабын орнуудыг хооронд нь эвлэрүүлж буй Дональд Трампыг Энх тайвны Нобелийн шагналд нэр дэвшүүлж магадгүй тухай ярилцах болжээ.


Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай ширүүн өрсөлдөж буй Жо Байден хүртэл “Авраамын гэрээг”-г дэмжиж, Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол уг тохиролцоог хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.


Нөгөөтэйгүүр, улс төрийн нэр хүнд нь навс унаад буй Нетаньяху ч гэсэн олон нийтээс оноо авч чадсан болов уу. Өдгөө 70 настай тэрбээр засгийн эрхэнд байхдаа авлига, луйвар, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт орооцолдсон Израилийн түүхэн дэх анхны ерөнхий сайд юм. Түүнээс гадна коронавирусний цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй цалгар назгай хандсан гэж Нетаньяхуг израильчууд буруутгаж буй энэ үед “Авраамын гэрээ” байгуулагдсан нь түүний хувьд нэр хүндээ сэргээх боломж гэдгийг ВВС-гийн шинжээч дурджээ.


Цаг өөр болжээ


Израиль ба түүний хөршүүд болох арабын орнуудын хоорондын харилцааны түүх бол дайн тулаан, террорист ажиллагаа, тусгай албадын нууц ажиллагаа, дипломат сөргөлдөөний түүх юм.


70 гаруй жилийн өмнөх түүхийг сөхвөл, Палестинд еврейн, арабын гэсэн хоёр улсыг байгуулах тухай НҮБ-ын тогтоолын дагуу Израиль улс байгуулагдсаныг Арабын улсууд эрс эсэргүүцсэн билээ. Үүнээс үүдэн 1948, 1956, 1967, 1973 онуудад Араб-Израилийн дайн дэгдэж байв.  


1967 оны “6 өдрийн дайн”-ы дараа Суданд болсон Арабын 8 улсын дээд хэмжээний уулзалтаар баталсан Хартумын тогтоолд гурван “үгүй” гэдэг зарчмыг тунхаглан зарлажээ. Энэ нь Израильтай энхийн гэрээ байгуулахгүй, Израилийг хүлээн зөвшөөрөхгүй, Израильтай ямар ч хэлэлцээ хийхгүй гэсэн үг юм. Эл баримт бичиг нь арабууд Израилийн эсрэг урт удаан хугацаанд сөргөлдсөөр ирсний уг шалтгаан байлаа.

Хартумын бага хурлын үеэр 1967 он 


Гэвч өдгөө цаг үе нэгэнт өөрчлөгджээ. Израильчууд эзэлсэн газраа нутгаа алдахгүй барьж байгаагийн зэрэгцээ шинжлэх ухаан-техникийн салбарт амжилт гаргаж, цэцэглэн хөгжиж байна. Үүнийг үл тоомсорлох нь арабуудад өөрсдөд нь хохиролтой гэдгийг цаг хугацаа харуулж байгаа бөгөөд бодит байдлыг мэдэрсэн Арабын олон улс орон Израилийн талаарх хандлагаа өөрчлөх болжээ. Израиль-Палестины харилцаанд ахиц дэвшил гарч эхэлсэн 1990-ээд оны дундуур Израиль ба Персийн булангийн орнууд хоорондоо албан бусаар хэлхээ холбоо тогтоож эхэлсэн байна. 


Ер нь бол, Саудын Арабыг эс тооцвол Персийн булангийн улсууд Израилийн эсрэг дайнд оролцож байгаагүйгээс гадна Кувейтээс бусад нь Палестины асуудалд шууд хамааралтай биш юм. Нөгөөтэйгүүр, Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, АНУ-ын нөлөө хумигдсанаар бүс нутгийн хэмжээнд шинэ хүчнүүд гарч ирж байна.


Энэ мэт олон шалтгаанаар гурван “Үгүй” гэдэг зарчим ач холбогдлоо аажмаар алдсаар.


Тэгэхээр “Авраамын хэлэлцээр” нь Оман, Катар, Кувейт, Саудын Араб зэрэг Персийн булангийн хаант улсууд Эмират, Бахрейны жишээгээр Израильтай эвлэрэхэд түлхэц болох нь эргэлзээгүй.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ