Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-09-17 23:05:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт өнөөдөр ажиллалаа. 

Ерөнхий сайдын ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байлаа. Хүйтний эрч өдрөөс өдөрт наашилж буй энэ өдрүүдэд тулгамдсан асуудлын нэг нь Дархан-Улаанбаатарыг холбосон автозам. Ерөнхий сайд энэ үеэр автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэхдээ: Бид тус 204 км авто замын 1,3,5 дугаар хэсгийн хөдөлгөөнийг 11 дүгээр сарын нэгэнд нээхээр ажиллаж байна. Гэхдээ бороо хур ихтэй байгаа учраас 15 хоног сунгаж магадгүй. Хамгийн гол нь иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Автозамын хөдөлгөөнийг нээнэ гэдэг нь бүрэн ашиглалтад өглөө гэсэн үг биш. Бид зорчих хэсгийг нээж байгаа тухайн чиглэлүүдэд зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, нөгөөтэйгүүр өвлийн улирал ирж байгаа тул зам, барилгын ажил түр зогсдог. Тиймээс чанартай олон жилийн насжилттай авто замыг барихын тулд хичээн ажиллаж байгаа. Энэ жилийн тухайд 37 хоногийг ажил хийж чадалгүй өнгөрүүлсэн. Учир нь бороо хур ихтэй, нөгөөтэйгүүр бороо зогссоны дараа шууд ажил эхэлж болдоггүй гэдгийг онцолсон.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ: Бид олон жил ярьсан асуудлаа эхлүүлж чадсан. Эхлүүлнэ гэдэг чинь дуусгах үүрэгтэй гэсэн үг. Хэдийгээр манай оронд цар тахал дэгдээгүй ч хөл хорионы улмаас хугацаа алдсан нь үнэн. Богино хугацаанд ажлаа дуусгах хэрэгтэй. Гэхдээ чанартай удаан эдэлгээтэй авто зам барих нь чухал. Бид Налайх чиглэлийн авто замыг 80 жил ашиглана. Тиймээс зөвхөн Дархан, Улаанбаатарын иргэд бус олон улсын транзит тээвэр, баруун аймгуудын ард иргэдийн зорчих гол замыг чанартай хийж гүйцэтгэх хэрэгтэй гэлээ.

Мөн тэрээр 80 жилийн түүхтэй 204 км автозамыг шинэчлэх ажилд оролцож буй монголчууддаа бас талархах хэрэгтэй гэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй хоёр урсгал 204 км авто замыг 2021 оны 11 сард бүрэн дуусгана. Харин Дарханы аюулгүйн тойргоос Цайдамын хөндий хүртэлх  30,5 км авто замын ажил 10 дугаар сарын 25-нд дуусах аж.

 

Холбоотой мэдээ