Аргаль, янгирт ашигт долооц тавьж өгөв

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-19 14:17:12

Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчид аргаль, янгиртаа малын ашигт долооц тавьж өгсөн байна.

Дэлхийн мал, амьтныг хамгаалах байгууллага 25 тонн үнээний сүү орлуулагч болон ашигт долооц бэлдмэлийг Дундговь аймгийн малчдад илгээсэн бөгөөд үүнээс хагас тонн орчим ашигт долооцыг байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад ийнхүү зориулжээ.

Ашигт долооцыг Их газрын чулуу, Ерлөг уулын 9 цэгт  тараан байршуулсан байна. Тус цогцолборт газрын бүсэд нийт 100 орчим аргаль, янгир нутагшин амьдардаг бөгөөд өвс тэжээл, мөс тавьж өгөх зэргээр зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг өвөл, хаврын цагт зохион байгуулдаг байна.

Ашигт долооц байршуулсан нь он гарсаар хоёр дахь удаагийн биотехникийн арга хэмжээ болжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ