Их Британид халдварын хоёр дахь давлагаа эхэлж буйг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-09-19 09:49:10

ЛОНДОН. /Reuters/. "Их Британид “COVID-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж буйг бид харж байна. Цар тахал дахин дэгдэхээс тойрч гарах аргагүй юм" гэж тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.


Б.Жонсон орон даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн боловч хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг танилцуулах шаардлага үүсэж магадгүй хэмээн хэлсэн байна.


Их Британид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өсөж, Английн хойд хэсэг, Лондонд халдвар тархах болсонтой холбоотойгоор дахин хөл хорио тогтоож магадгүй талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.


“Бид халдварын хоёр давлагаа эхэлж буйг харж байна. Үүнийг тойрч гарах боломжгүй гэдгээс би эмээж байна” гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Их Британид баасан гарагт халдварын 4322 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Их Британийн Засгийн газрын мэдээллээр 386936 хүн халдвар авч, 41732 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ